Ч.Сайханбилэг: Монгол Улс өрийн дарамтад ороогүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-04-15 16:16:00

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын өрийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр мэдээллийнхээ эхэнд өмнө нь манай улс өрийн асуудлыг 10 гаруй хууль, тогтоомж, журмаар зохицуулж ирсэн бол өдгөө 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай цогц хуулиар зохицуулдаг болсон. Тус хуулиар Засгийн газрын өртэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд хувийн хэвшлийн гадаад, дотоод өрийг зохицуулдаггүй хэмээн онцлов. Түүнчлэн Засгийн газрын, хувийн хэвшлийн, банкны системийн өрийн бүртгэл, статистик мэдээллийг Монголбанк бүртгэж, тайлагнах үүргийг хүлээдэг. Тус тайлан нь Монголбанк, Сангийн яамны цахим хуудсанд тавигддаг тул мэдээлэл, судалгаа хийх бол дээрх албан ёсны тоо мэдээллийг ашиглаж бололцоотой гэдгийг тэмдэглэсэн юм.

Ерөнхий сайд цааш хэлэхдээ, "Улсын нийт гадаад өр өнгөрсөн оны эцэст 21.6 тэрбум ам.долларт хүрсэн бол 4.9 тэрбум ам.доллар буюу 22.9 хувийг Засгийн газрын гадаад өр болон баталгаа эзэлж байна. Гэхдээ хувийн салбарынхны гадаадаас авсан зээл, өр төлбөр, хөрөнгө оруулалтыг гадаадын зээлдүүлэгч болон хөрөнгө оруулагчид нь эрсдэлээ өөрсдөө хүлээн олгодог, Засгийн газар баталгаа гаргаагүй тохиолдолд ямар нэгэн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээхгүй. Засгийн газрын өрийн нэрлэсэн үлдэгдэл 2015 оны эцэст 14.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдэл 12.1 их наяд төгрөг буюу ДНБ-ийн 52.3 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан 55 хувь гэсэн өрийн хязгаарт бүрэн нийцэж байна. Энэ нь Засгийн газар хууль зөрчөөгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгааг харуулж байна.

Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй гэсэн мэдээ тархаж, өдөр бүр таны өр өсөн нэмэгдэж байна гэх сэтгэл зүйн дарамтыг үзүүлж байгаа нь УИХ-ын сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иргэдэд айдас төрүүлж, төөрөгдүүлж буй ёс зүйгүй үйл ажиллагаа гэж үзэж байна.  Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас тогтоосон 5 үзүүлэлтээс 3 нь хангагдаагүй тохиолдолд тухайн улсыг өрийн дарамтад орох эрсдэлтэй гэж үздэг. Манай улс дээрх 5 үзүүлэлтээр эдийн засгаа дүгнэхэд өрийн дарамтад ороогүй байна" гэв. 

Үүний зэрэгцээ Засгийн газраас цаашид төсөв болон төлбөрийн тэнцэлд үлэмж хэмжээний дарамт учруулахгүй байх, гадаад валютын нөөцийг бууруулахгүй байх, төгрөгийн тогтвортой байдал алдагдуулахгүй байх, зээлжих зэрэглэлийг сайжруулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн юм. Мөн өрийн талаар хэт дэвэргэн, өрөөсгөл байдлаар ярих нь нийгмийг худал мэдээллээр төөрөгдүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг бий болгож, улмаар улсын зээлжих зэрэглэлийг бууруулахад нөлөөлж, хүүгийн зардлыг өсгөж, өрийн удирдлагын бодлого зорилтsu хэрэгжүүлэх боломжгүй болох эрсдэл байгааг анхаарахыг хүслээ.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа тайлбар хийсэн ба мэдээлэлтэй холбогдуулж гишүүд сонирхсон асуултдаа хариулт авав.

Б.Туул

Холбоотой мэдээ