Дорноговийн номын санг МУСГЗ А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болголоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-11-18 13:45:48

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ оны зургадугаар сарын хуралдааны тогтоолоор аймгийн номын санг МУСГЗ, Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор" цомын эзэн  яруу найрагч, МУСГЗ Арлааны Эрдэнэ-Очир агсны нэрэмжит болгохоор баталсан.

Албан ёсны шийдвэрийн дагуу аймгийн номын сан А.Эрдэнэ-Очирын нэрэмжит болсны хүндэтгэлийн өдөрлөг 11 дүгээр сарын 15-нд Сайншанд хотод боллоо. Өдөрлөгт Улаанбаатар хотоос 30 гаруй яруу найрагч хүрэлцэн ирж яруу найрагчийн тухай дурсамж яриа өрнүүлснээс гадна уран үгсийн чуулганд оролцож шүлэг зохиолоо уншсан юм.

Мөн дунд сургуулийн сурагчид, хүүхэд багачуудын дунд уншигч редакцийн уулзалт зохион байгуулсан бол түүний амьдралдаа эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлс хийгээд бүтээсэн уран бүтээл, ном, түүхэн үйл явдлыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж олны хүртээл болгов.

Ташрамд дурдахад, А.Эрдэнэ-Очир найрагч 11 дүгээр сарын 15-нд төрсөн аж. Тиймээс түүний төрсөн өдрөөр нэгэн цаг үед мөр зэрэгцэн хамт ажиллаж байсан найз нөхөд, дүү нар хийгээд ахмад уран бүтээлчдийн төлөөлөл Дорноговьд чуулж  түүнийг санан дурсаж, дурсамж яриа өрнүүлэн нэг өдөр утга зохиол, яруу найргийн ертөнцөөр аялсан юм.  

Өдөрлөгийн үеэр аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр аймгийн номын санг түүний нэрэмжит болгосон албан ёсны тогтоолыг гардуулсан бол зохиолчид номын сангийн фондыг арвижуулахаа илэрхийлсэн. А.Эрдэнэ-Очир найрагч тус аймгийн Улаанбадрах суманд төрсөн.

Монголын их утга зохиол, яруу найрагт  “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  яруу найрагчдын төлөөлөгч юм. Тэрээр “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлийг уншигчдын хүртээл болгосон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагнал хүртэж байлаа.

Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэж, 2017 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх алдрыг хүртсэн билээ.

Өдөрлөгийг Арлааны Эрдэнэ-Очир сангаас санаачилж аймгийн Нутгийн зөвлөл, номын сан, музей сургалт судалгааны төв зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулав.

Холбоотой мэдээ