Дэлхийн мэдээллийн байгууллагуудын тэргүүлэгчдийн хурал эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ШАНХАЙ. /TASS/. Дэлхийн мэдээллийн байгууллагуудын дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгчдийн хурал БНХАУ-ын Шанхай хотноо даваа гарагт эхэлжээ. Уг хуралд оролцогчид хэвлэл мэдээллийн салбарт шинэ технологи нэвтрэхийн зэрэгцээ мэдээллийн дайны аюул нүүрлэж, хуурамч мэдээллүүд хяналтгүй цацагдаж буй энэ үед хэвлэл мэдээллийнхэнд тулгарч буй сорилт бэрхшээлүүд, боломжуудыг хэлэлцэж байна.
Синьхуа агентлагийн санаачилгаар зохион байгуулж энэхүү арга хэмжээнд ТАСС агентлаг, олон улсын хэвлэл мэдээллийн "Россия сегодня" групп, “The Associated Press”, “Reuters”, “Би-би-си”, “France-Presse”, “ANSА” болон “Кyodo” агентлаг, телевизийн “Al Jazeera” компани, Өмнөд Африкийн “Naspers” медиа групп, Энэтхэгийн “The Hindu” сонин зэрэг мэдээллийн тэргүүлэгч байгууллагуудын төлөөлөгчид оролцож байна.
"Бид өнөөгийн инновацийн эрин үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд тулгарч буй сорилтууд болон хүчин зүйлүүдийг хэлэлцэж, харилцан сонирхсон хэд хэдэн асуудлыг хөндөж, олдсон боломжуудыг хэрхэн ашиглах, сорилтуудыг хэрхэн даван туулах талаар хэлэлцэж байна" гэж Синьхуа агентлагийн ерөнхий захирал Цай Минчжао хэллээ.
Тэрбээр Катарын Доха хотод болсон өмнөх дээд хэмжээний уулзалтаас хойш гурван жил өнгөрснийг дурдаад, дэлхийн мэдээллийн салбарт ноцтой өөрчлөлтүүд гарч байгааг харгалзан дараагийн уулзалтыг зохион байгуулах газрыг товлох цаг нь болсныг онцлон тэмдэглэсэн байна. "Мэдээллийн орон зайд "мэдээллийн салбартай холбоогүй оролцогчид улам бүр нэмэгдсээр” байгаа бөгөөд мэдээллийн янз бүрийн хэрэгсэл хоорондын хил хязгаар бүдгэрч байна. Зөвхөн Хятад улсад гэхэд нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн тоо 849 саяд хүрсэн" гэж тэрбээр хэлжээ.
ТАСС агентлагийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Михаил Гусман "Хуурамч мэдээ дэлхийн тогтвортой байдалд аюул учруулж байна" сэдвээр илтгэл тавьсан байна. Тэрбээр иргэний янз бүрийн байгууллагууд, тэр дундаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хакеруудын халдлагад өртөх нь нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэв. “Мэдээллийн орон зайд хуурамч мэдээллүүд тарааж байгаа нь дэлхийд маш том, аймшигтай аюул учруулж байна” гэж тэрбээр цохон тэмдэглэжээ. “Худал мэдээлэл нь янз бүрийн хүчнүүдийн улс төр, эдийн засгийн зорилгодоо хүрэхийн тулд идэвхтэй ашигладаг мэдээллийн нэг зэвсэг болсон” гэж Гусман онцлон дурдсан байна.
Тэрбээр 2020 онд Бээжин хотноо зохион байгуулахаар товлосон Дэлхийн мэдээллийн байгууллагуудын дараагийн дээд хэмжээний уулзалтын үеэр буруу ташаа мэдээлэх, хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай Дэлхийн мэдээллийн байгууллагуудын тусгай харти /нийгэм, улс төрийн чухал ач холбогдолтой баримт бичиг/ боловсруулахыг санал болгожээ. Хартийн төслийг ТАСС агентлаг дээд хэмжээний уулзалтын тэргүүлэгчдийн бусад гишүүнтэй хамтран боловсруулж магадгүй байна.