Баг зүүхийг хориглосон нь Үндсэн хуультай зөрчилдөж байгааг хүлээн зөвшөөрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХОНКОНГ. /TASS/. Хонконгийн эрх баригчид жагсаал цуглааны үеэр баг зүүхийг хориглосон нь Үндсэн хуулийн заалттай зөрчилдөж байгааг тус бүсийн Дээд шүүх даваа гарагт хүлээн зөвшөөрсөн гэж “South China Morning Post” сонин мэдээлжээ.
Пан-ардчилагч болох 25 хүн 1922 онд Английн колончлолын үед боловсруулсан онц байдлын үед авах арга хэмжээнүүдийн тухай тусгай хуулийн дагуу гомдол мэдүүлсэн байна. Уг хуульд олон нийтэд аюул учруулахуйц онцгой байдал үүссэн үед түүнд тохирсон арга хэмжээ авах эрхийг Хонконгийн засаг захиргааны тэргүүнд олгожээ. Энэхүү хуулийн хүрээнд жагсаал цуглааны үеэр баг өмсөхийг хориглосон байна. Харин уг шийдвэртэй санал нийлэхгүй байгаа депутатууд уг хориг нь хүний үндсэн эрхийг хязгаарлаж байгаа бөгөөд зөвхөн жагсагчдад хамаарахгүй гэж мэдэгджээ. Онцгой байдлын үед авах арга хэмжээний тухай хууль нь “Хятадын засаг захиргааны тусгай бүсийн Үндсэн хуультай зөрчилдөж байна” гэж Дээд шүүх үзсэн байна.
Хонконгийн эрх баригчид хотод дэгдсэн үймээн самууныг намжаах зорилгоор жагсаал, олон нийтийн арга хэмжээний үеэр баг зүүхийг 10 дугаар сарын 4-ний өдөр хоригложээ.