Халдварт өвчний 38 хувийг бэлгийн замын өвчлөл эзэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-11-19 15:27:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрвөн сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн эмчиллээ гэж ЭМЯ  мэдээлэв.

Тус яамнаас энэ оны долоодугаар сараас улс даяар эхлүүлсэн “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, Тэмбүүг устгая” үйл ажиллагааны үр дүн, явцын талаар өнөөдөр танилцуулсан юм.

Тэмбүү, ХДХВ-ын халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр  онцлогтоо тохируулан зохион байгуулж, 96.289 иргэнд тэмбүү өвчний шинжилгээ хийж, 765 шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулжээ.

Тэмбүүгийн өвчлөл Сүхбаатар, Хөвсгөл, Дорноговь, Дорнод, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Улаанбаатар хот улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж. Өндөр эрсдэлт бүлгийн 1,271 хүн, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд зэрэг аймагт уул уурхайн чиглэлээр ажилладаг аж ахуйн нэгжийн ажилчид, 6 аймгийн 10 сумын гар аргаар алт олборлогчид, 15 аймгийн алсын тээврийн жолооч нар зэрэг нийт 20,620 хүнийг үзлэг шинжилгээнд хамруулахад 279 нь, 16,000 гаруй оюутан, 1,663 орон гэргүй иргэдээс 219 нь тэмбүүгээр өвдсөнийг илрүүлэн эмчилсэн байна.

Түүнчлэн улсын хэмжээнд давхардсан тоогоор 29,290 жирэмсэн эмэгтэйд тэмбүү, ХДХВ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийж, 850 орчим тэмбүүгийн тохиолдлыг илрүүлжээ.

ЭМЯ, ЭМЯ-ны дэргэдэх БЗДХ, ДОХ-ын Мэргэжлийн салбар зөвлөл, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-ийн хамтарсан баг 15 аймагт уг үйл ажиллагааны явцад хяналт тавьж, 12 аймгийн 500 гаруй эмч, мэргэжилтнийг тэмбүү өвчний оношилгоо эмчилгээ, хавьтлын илрүүлэг, эмчилгээний хяналтын талаар сургасан байна.

2019 оны эхний 10 сард бэлгийн замаар дамжих халдварын 13,685 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний дунд 38.0 хувийг эзэлж байна. Бэлгийн замаар дамжих халдварын 40.3 хувийг тэмбүүгийн өвчлөл эзэлж, 5,517 тохиолдол бүртгэгдсэн байна. Тэмбүүгийн өвчлөл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 503 тохиолдлоор нэмэгдсэн нь “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны хүрээнд явуулсан илрүүлэг шинжилгээний үр дүн гэж эмч нар үзэж байна.


Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ, “Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон ажил хэрэгжүүлж байгаа ч хавьтлын илрүүлэлт хангалттай бус байна. Цаашид бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх, бэлгийн эрүүл зан үйлийг төлөвшүүлэх талаар хүн ам, ялангуяа залуучуудад чиглэсэн мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллаж тэдний санал санаачилгыг дэмжин ажиллана. Мөн жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бэлгийн замаар дамжих халдварын эмчилгээний дараах хяналтыг сайжруулах, бэлгийн хавьтагчийг илрүүлэн, эмчлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлнэ” гэв.


“Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-Тэмбүүг устгая” үйл ажиллагааг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2021 оны 7 сарыг дуустал үргэлжлэх юм.

 

Холбоотой мэдээ