Монгол Улс Энэтхэгт бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-04-16 11:54:45

Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний хамтын ажиллагааг өргөжүүлэх гүүр болох зорилго бүхий “Монгол Энэтхэгийн бизнесийн зөвлөл” өчигдөр буюу энэ сарын 15-нд албан ёсоор нээлтээ хийлээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол улс Энэтхэгээс ихэвчлэн шашны болон бэлэг дурсгалын эд зүйл импортлодог байсан. Сүүлийн үед тус улсын томоохон аж ахуйн нэгж Монгол Улсын инженерийн дэд бүтцийн салбарыг ихээхэн сонирхох болжээ. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ манай улсыг бүхий л салбарт, тууштай дэмжинэ гэдгээ илэрхийлсэн юм. Үүнтэй холбогдуулан хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зорилгоор Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн санаалчлагын дагуу “Монгол Энэтхэгийн бизнесийн зөвлөл”-ийг байгуулж байна хэмээн тус зөвлөлийн Ерөнхийлөгч Б.Гантулга нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд цахим бизнес дэлгэрч байна. Тиймээс бид зөвхөн шашны болон бэлэг дурсгалын зүйлсээс гадна цахим бизнесийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Аливаа бизнес итгэлцэлд тулгуурлан хөгждөг. Тиймээс манай зөвлөл нэн тэргүүнд хоёр орны бизнес эрхлэгчдэд зах зээлийн үнэн бодит мэдээлэл өгөх болно” хэмээв.

Монгол, Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоогоод эдүгээ 95 жил болж байна. Энэ хугацаанд хоёр орны улс төр, соёлын харилцаа, хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж ирсэн. Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Ж.Неру Монгол Улсыг НҮБ-ын гишүүнээр элсэх үед тууштай дэмжиж, Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлж байсан нь үүний тод жишээ юм. Өнгөрсөн онд Энэтхэг улсын Ерөнхий сайд Монголд анх удаа айлчилсан нь хоёр орны улс төрийн харилцааг Стратегийн хамтын ажиллагааны түвшинд хүргэх хөшүүрэг болсон. Стратегийн хамтын ажиллагааг эхлүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хувийн секторыг татан оролцуулах нь туйлын чухал юм. Үүнд “Монгол Энтхэгийн бизнесийн зөвлөл” томоохон түлхэц үзүүлэх болно хэмээн зөвлөлийн Хүндэт Ерөнхийлөгч О.Нямдаваа хэллээ.

Нээлтийн үеэр “Монгол Энтхэгийн бизнесийн зөвлөл”-ийн Гүйцэтгэх захирал Сурендра Кумар Бансалтай уулзаж, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар зарим зүйлийг тодруулав.

-Монгол, Энэтхэгийн эдийн засгийн хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-Хоёр орны гадаад худалдааны нийт эргэлт жилд 50-60 сая ам.долларт хүрдэг байсан бол 2010 оноос хойш буурч байна. Тухайлбал, 2014 онд ердөө 15 сая ам.долларын гадаад худалдаа хийсэн байна. Энэ бол маш муу үзүүлэлт.

-Бизнесийн зөвлөл эдийн засгийн харилцааг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд ямар ажил хийх вэ?

-АНУ, Францад Монгол бүтээгдэхүүн борлуулж байна. Яагаад Энэтхэг улс руу бүтээгдэхүүнээ гаргаж болохгүй гэж. Энэтхэг болон БНХАУ бол хүн амын тоогоор нь авч үзвэл дэлхийн хамгийн том зах зээл. Тиймээс Монгол Улсаас Энэтхэг улсад ямар бүтээгдэхүүн нийлүүлж болох вэ, Энэтхэгийн бизнес эрхлэгчид Монголд ямар үйл ажиллагаа явуулах боломжтой вэ гэдгийг судлах юм. Судалгааны үр дүнг бизнес эрхлэгчдэд хүргэж, мэдээллээр хангана.

-Энэтхэг улсаас Монгол улсын аль салбарт хамтран ажиллах боломжтой гэж үзэж байна вэ?

-Энэтхэг бол тариалангийн орон гэж болно. Нийт хүн амын 70 орчим хувийг тариаланчид эзэлдэг. Дэлхийн эдийн засаг, хүнсний ирээдүйг газар тариалан болон фермерийн аж ахуйгаар төсөөлөх болсон. Тиймээс Энэтхэгийн газар тариалангийн туршлага, тоног төхөөрөмжийг Монгол Улсад нэвтрүүлэх боломжийг судлана.

-Монгол Улсаас Энэтхэгт нийлүүлэх боломжтой ямар бүтээгдэхүүн байна вэ?

-Ноос ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Мах, махан бүтээгдэхүүн байна. Гэхдээ боловсруулсан буюу хиам хэлбэрээр. Мөн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломжтой. Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүн органик буюу эрүүл байдаг гэсэн ойлголт олон улсад бий. Энэтхэг төдийгүй тухайн бүс нутагт усны нөөц хомсдож байгаа. Тиймээс Монголоос цэвэр ус нийлүүлэх талаар ч судлах нь зөв.

-Хүнсний бүтээгдэхийн нийлүүлэхэд нэн тэргүүнд хорио цээрийн асуудал тавигддаг?

-Монгол хүнс манай улсын хорио цээрийг биелүүлэх бүрэн боломжтой. Ганц оруулж болохгүй зүйл бол үхрийн мах. Энэ бол Энэтхэг улсын ёс заншилтай холбоотой.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ