Нийслэлийн удирдлага эрдэмтэдтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2019-11-20 11:21:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн харьяа хүрээлэнгүүдийн ажилтай  хотын удирдлагууд танилцлаа.  

Шинжлэх ухааны байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэх, цаашид Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эрдэмтдийн оролцоотой шийдэх гарцыг судлах, хамтран ажиллах талаар Нийслэлийн инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат тэргүүтэй төлөөлөгчид  Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн болон Философи, социологи эрхийн хүрээлэнтэй танилцахдаа ярилцсан байна. 

Хүн төвтэй бодлого, Орчин төвтэй шийдэл, Төлөвлөлт төвтэй хөгжил  бодлогыг хөгжүүлэхэд нийслэлд тулгамдаад байгаа хөрс, усны бохирдол, халиа, цэцэрлэгжүүлэлт, хот төлөвлөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн зэрэг олон асуудлыг багцлан хэрэгжүүлэх технологиос уг салбарын эрдэмтэд танилцуулав. Эрдэмтэд нийслэлтэй хамтарч ажиллах богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргахаар болж эхний ээлжинд хөрсний бохирдлын асуудлаар ажлын багийг хамтран байгууллаа. Мөн ажилгүйдэл, боловсролын чиглэлээр хамтран социологийн судалгаа хийхээр болжээ.

Холбоотой мэдээ