НҮБ хамгийн буурай хөгжилтэй орнуудыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-11-20 12:37:17

НҮБ. /TASS/. Африкийн 30 гаруй улс, мөн Азийн болон арлын зарим улс хамгийн буурай хөгжилтэй орнуудын тоонд орлоо гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын /ЮНКТАД/ ийм орнуудын талаарх тайланд дурджээ.


Хамгийн буурай хөгжилтэй орнуудын жагсаалтад 47 улс багтсан байна. Жагсаалтад Ангол, Бенин, Буркино-Фасо, Бурунди, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Жибути, Эритрей, Этиоп, Гамби, Мадагаскар, Мали, Судан, Өмнөд Судан, Уганда, Замби зэрэг Африк тивийн улсаас гадна, Далайн Кирибати, Тувалу, Вануату, Соломоны арлууд зэрэг арлын улсууд оржээ. Жагсаалтын гуравдугаар бүлэгт Афганистан, Бангладеш, Камбож, Лаос, Мьянмар, Балба, Йемен болон Бутан гэсэн Азийн орнууд багтсан байна.


“Бид бүх улс орны байдлыг гурван шалгуурт үндэслэн дүн шинжилгээ хийдэг. Нэгдүгээрт, энэ нь нэг хүнд ногдох орлого бөгөөд бид энэ үзүүлэлт 1230 ам.доллароос доогуур байгаа орнуудыг анхааралдаа авдаг” гэж ЮНКТАД-ын төлөөлөгч Шанталь Карпентье тайлбарлажээ.


“Гэхдээ иргэдийнх нь нэг нь, жишээлбэл, хөлбөмбөгчин өөр улсын багт тоглож, маш их цалин авдаг жижиг улсууд байдаг бөгөөд энэ нь бүхэл бүтэн улсын үзүүлэлтийг өөрчилдөг учраас бусад үзүүлэлтийг ч бас харгалздаг. Тиймээс бид хоол хүнс, эрүүл мэнд, боловсролын үзүүлэлт болон насанд хүрэгчдийн бичиг үсэгт тайлагдсан байдал, эдийн засгийн эмзэг байдлын шалгуурт үндэслэн хүний нөөцийн сул байдлын шалгуурт дүн шинжилгээ хийдэг” гэж тэрбээр хэлсэн байна.


НҮБ-ын шинжээчид энэхүү тайланд үндэслэн, Тогтвортой хөгжлийн зорилтыг удирдлага болгон дээрх жагсаалтад багтсан улс орнуудын эрх баригчдад улс орныхоо байдлыг сайжруулах зөвлөмж боловсруулж байгаа аж. ЮНКТАД ийм тайлан гаргаж эхэлснээс хойш Ботсван, Кабо-Верде, Эквадорын Гвиней улс, Мальдив, Самоа гэсэн таван улс сөрөг жагсаалтаас гарч чаджээ.  


 


Холбоотой мэдээ