Говьсүмбэрийн Нэгдсэн эмнэлэг зүрх судасны кабинеттай боллоо

Орон нутагт | Говьсүмбэр
erdenebulgan@montsame.mn
2019-11-20 13:25:06

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг зүрх судасны кабинеттай боллоо.

Засгийн газрын дэмжлэгээр Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх” төслийн хоёр дахь шат болох “Эрүүл зүрх-Эрүүл хөдөлгөөн-Эрүүл ёс зүй“ дэд төсөл Говьсүмбэр аймагт хэрэгжиж байгаа юм.

Дээрх төслийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зүрх судасны кабинет байгуулах зорилтыг дэвшүүлж “Байгаа зүйлээ хуваалцъя” хандивын худалдаа, “Зүрхнээс зүрхэнд“ хандивын тоглолт болон хандивын хайрцгийг байгууллагуудаар аялуулснаар нийт 7.6 сая төгрөгийг цуглуулсан байна.

Хандивт цугларсан 6.3 сая төгрөгөөр 24 цагийн хэм алдалтыг хянах ЭКГ- 2 ширхэг, 24 цагийн цусны даралт хянах даралтын аппарат хоёр ширхэг, хүчилтөрөгч өтгөрүүлэгч нэг ширхэг, нийт гурван нэр төрлийн таван ширхэг аппаратыг худалдан авч эмнэлэгт шилжүүллээ.

Харин үлдэгдэл 1.3 сая төгрөгийг кабинетад хэрэгтэй зүйлийг авч өгөхөөр төлөвлөсөн аж. Зүрх судасны кабинетын нээлтийн үеэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасгийн засварын ажилд 12 сая төгрөг, нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмж болох зүрх судасны аппарат ЭКГ, Дефеляторыг тус тус 11.470.000 төгрөгөөр худалдан авч нийлүүлэх батламж гардуулав.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг Зүрх судасны кабинеттэй болсноор өмнө нь хийж байсан зүрх судасны оношилгоог өндөр түвшинд бодитой хийх боломж бүрджээ.

Учир нь тухайн өвчтөний даралтыг 24 цагийн турш хянах, зүрх судасны үйл ажиллагааг нарийвчилж оношлоход дээрх тоног төхөөрөмж чухал үүрэг гүйцэтгэх аж. Говьсүмбэр аймагт зүрх судасны өвчлөл амьсгалын замын өвчлөлийн дараа хоёрдугаарт жагсаж байна.   

Холбоотой мэдээ