Бүх нийтийн цэвэрлэгээнд оролцоогүй байгууллагад хариуцлага тооцно

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2016-04-16 13:23:40

Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр батлуулсан удирдамж, хуваарийн дагуу нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулж байна.

Нийслэл, дүүргээс хороодын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд, гэр хорооллын болон орон сууцны дунд байрлах хог хаягдлын түр хогийн цэгүүдийн хог хаягдлын зайлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавьж гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан аж ахуйн нэгж байгууллагуудад  хариуцлага тооцох юм.

Их цэвэрлэгээнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газрууд, дүүргүүдийн ЗДТГ-ын харьяа хэлтэс,  хороод, их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамрагдах юм. Их цэвэрлэгээг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Туул, Дунд голын эрэг дагуу хийнэ. Энэ үеэр аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр газрыг цэвэрлэх юм. Мөн үерийн хамгаалалтын барилга байгууламж, гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдлыг гарган ачихаас  гадна замын нуух, автобусны буудал, ТҮЦ-ний орчныг цэвэрлэнэ. 

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ