Өнөөдөр тамхинаас татгалзах олон улсын өдөр тохиож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-11-21 13:03:00

МОСКВА. /Риа Новости/. Тамхинаас татгалзах олон улсын өдөр жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь пүрэв гарагт болдог байна. Тамхины хор уршиг, сөрөг үр дагаварт олон нийтийн анхаарлыг хандуулах нь энэ өдрийг тэмдэглэхийн гол зорилго юм. Тамхинаас татгалзах олон улсын өдрийг анх Америкийн Хавдар судлалын нийгэмлэг 1970 онд бий болгож байжээ.


Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхитай тэмцэх тухай Суурь конвенц 2005 онд хүчин төгөлдөр болжээ. Энэ конвенц нь НҮБ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй хүлээн зөвшөөрөгдсөн гэрээнүүдийн нэг болсон юм. Дэлхийн хүн амын 90 хувийг эзлэх 180 гаруй улс тус гэрээг хүлээн зөвшөөрсөн байна.


Тамхи татах нь хүний эрүүл мэндэд учруулж буй хамгийн том аюулуудын нэг гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг бөгөөд жил бүр 8 сая гаруй хүн тамхины хор уршгийн улмаас нас бардаг байна. Тэдний 7 сая гаруй нь тамхи хэрэглэдэг болон өмнө нь хэрэглэдэг байсан хүмүүс байсан бол 1.2 сая гаруй нь дам тамхидалтын утааны нөлөөнд өртсөн хүмүүс байдаг аж.


Дам тамхидалтын утаа гэдэг нь зоогийн газар, албан өрөө болон бусад өрөөнд тамхи болон усан тамхи татаж буй хүмүүсийн тамхины утааг хэлдэг байна. Тамхины утаанд 7000 гаруй химийн бодис байдгаас 250 орчим төрлийн бодис нь эрүүл мэндэд хортой байдаг бол 69 орчим нь хорт хавдар үүсгэдэг бодис байдаг аж.


Тамхи татах нь хорт хавдар үүсгэх магадлалыг 90 хувиар нэмэгдүүлдэг байна. Түүнчлэн архаг бронхит, эмфиземтэй болоход хүргэдэг байна. Америкийн эрдэмтдийн үзэж байгаагаар, шүүлтүүргүй тамхи нь тамхичдын хувьд хамгийн аюултай байдаг аж. Шүүлтүүргүй тамхи татах нь уушгины хавдраар нас барах эрсдэлийг хоёр дахин нэмэгдүүлдэг байна.


Сүүлийн жилүүдэд тамхичдын дунд электрон тамхины хэрэглээ ихээхэн дэлгэрээд байгаа юм. Электрон тамхийг энгийн тамхины аюулгүй хувилбар гэж сурталчилдаг хэдий ч ийм төрлийн тамхи мөн л аюултай. Электрон тамхинд шингэнийг халааж, ууршуулдаг төхөөрөмж байдаг аж. Электрон тамхинд зориулагдсан энэхүү шингэнд нүд, арьсыг цочроох фенол, хорт  хавдар үүсгэгч формальдегид, мэдрэл зүрх судасны тогтолцоонд хортой хар тугалга зэрэг хорт бодисууд агуулагддаг байна.


Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар, АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй уушигны өвчлөлөөр 37 хүн нас барсан бол ийм шалтгаанаар өвчилсөн хүний тоо 1.8 мянга давжээ.


Усан тамхи нь мөн хүний биед хортой байдгийг шинжлэх ухааны судалгаа харуулжээ. Усан тамхи нь зүрхний цохилт болон цусны даралт ихэсгэдэгээс гадна уушигны үйл ажиллагааг муутгадаг байна. Түүнчлэн сүрьеэ зэрэг халдварт өвчин дамжих эрсдэлийг дагуулдаг байна.

 

Тамхины хамгийн гол аюул бол тамхинаас хамааралтай байдалд хурдан орох явдал юм. Байнга тамхи татдаг хүмүүсийн 98 хувь нь тамхинаас гарахыг оролддог хэдий ч амжилт олдоггүй байна. Зарим тохиолдолд тамхинаас татгалзсан хүмүүс нэг жилийн дотор эргээд тамхинд ордог байна. Аль ч насанд тамхинаас татгалзах нь эрүүл мэндэд олон давуу талыг авчрах юм. Тухайлбал, 30-35 насандаа тамхи татахаа больсон хүмүүсийн дундаж наслалт нь огт тамхи татдаггүй хүмүүсийн  дундаж наслалттай адил байдаг аж.


ОХУ-д тамхинаас үүдэлтэй өвчний улмаас жил бүр 300 мянга орчим хүн нас бардаг байна. Тамхинаас үүдэлтэй өвчнийг бууруулахын тулд ОХУ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгоор үндсэн нөхцөлүүдийг бий болгоход чиглэсэн цогц арга хэмжээг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, ОХУ 2008 онд тамхитай тэмцэх ДЭМБ-ын боловсруулсан конвенцид нэгдэж, дараа нь 2010-2015 оны хугацаанд тамхины хэрэглээтэй тэмцэх Үндэсний концепцийг баталсан байна. “Тамхины хор уршгаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль” тус улсад 2013 оноос хойш хэрэгжиж байгаа аж.

 

Холбоотой мэдээ