Зудын эрсдэлтэй сумдын 0-5 насны хүүхдэд мөнгөн тусламж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-11-21 20:56:18

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр таван жилийн хугацаатай хэрэгжиж байна.

Энэ онд уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллаж байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, ХНХЯ хамтран “Хүүхэд төвтэй, цочролд хариу үзүүлэх нийгмийн хамгаалал төсөл”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа тухай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Төслийн эхний Тэс, Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул суманд хэрэгжүүлж, 0-5 насны 2800 хүүхэд тус бүрд 40 мянган төгрөг олгохоор болсон байна. Төрөөс мал хорогдох эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэг боловч хүүхдүүд, ялангуяа эмзэг бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн хамгааллын үйл ажиллагаа хангалтгүй байгаа. Зудад нэрвэгдэхэд ядуу болон орлого багатай өрхүүдэд ихээхэн дарамт учирч, гол төлөв бэлэн мөнгөний хомсдол үүсдэг. Гэнэтийн цочролыг даван туулахын тулд хүүхдээ гэр орны ажилд туслуулах, зардал хэмнэх зорилгоор сургуулиас гаргах, хоол хүнсээ багасгах зэрэг сөрөг стратегийг хэрэгжүүлж болзошгүй өрхүүдийн эрсдэлийг багасгах нь энэхүү төслийн гол зорилго юм.

Энэ тусламжийг хүүхэддээ сургуулийн өмнөх боловсрол олгох, чанартай хоол хүнс өгөх, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, дулаан хувцас авч өгөхөд зарцуулах шаардлагатай юм. Тиймээс төслийг Засгийн газрын хүүхдийн мөнгөний данс, хүний нөөцийг ашиглан зохион байгуулж байгаа нь цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн зардал хэмнэх зэрэг чухал ач холбогдолтой юм.

Төслийн эхний шатны үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангийн “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөр хариуцсан зөвлөх Б.Зоя, Цаг уурын өөрчлөлтийн нийгмийн хамгааллын зөвлөх Б.Даваажаргал, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаа хариуцсан мэргэжилтэн Л.Мөнхбаяр нар Улиастайд сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймгийн ЗДТГ, ХХҮГ-ын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, зорилтот сумын Засаг дарга нар, нийгмийн халамжийн мэргэжилтнүүд, банкны ажилтнууд оролцлоо.  

Төслийн хоёрдугаар шат 2020 оны 2-4-р сард хэрэгжих бөгөөд энэ жилийн өвөлжилтийн нөхцөл байдлаас хамаарч зорилтот сумдыг зудын зураглал дээр үндэслэн сонгох юм. Сонгогдсон сумдын 0-5 насны 8000 хүртэл хүүхэд тус бүрд 60 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэхээр төлөвлөсөн тухай аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгав. 

Холбоотой мэдээ