Хонконгт ардчиллыг дэмжигч намууд олонхын суудал авжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-11-25 10:17:59

ХОНКОНГ. /NHK/. Өнгөрсөн ням гарагт болсон дүүргийн зөвлөлийн сонгуулиар ардчиллыг дэмжигч намууд олонхын суудал авсан талаар Хонконгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд даваа гарагт мэдээлжээ.


Хонконгт ардчиллыг дэмжигчдийн жагсаал таван сарын өмнө эхэлснээс хойш явуулсан анхны санал хураалт энэ болжээ. Сонгуулийн хорооноос мэдээлснээр, уг сонгуулийн ирц 71.2 хувь байжээ. 2015 онд энэ үзүүлэлт 47 хувь байсан юм.


Сонгуулийн урьдчилсан дүнгээс үзэхэд, дүүргийн зөвлөлийн 452 суудлын 278-ыг ардчиллыг дэмжигч намууд, 42 суудлыг Бээжинг дэмжигч намуудын нэр дэвшигчид авсан байна. 


Дүүргийн зөвлөлийн гишүүдийн Хонконгийн нутаг дэвсгэр дэх үүрэг хязгаарлагдмал хэдий ч оршин суугчдын саналаар сонгогддоггүй Хонконгийн засаг захиргааны тэргүүнийг сонгоход чухал үүрэгтэй ажээ. Ардчиллыг дэмжигч намуудын ялалт цаашдын жагсаалуудын эрчийг улам нэмэгдүүлж магадгүй хэмээн ажиглагчид үзжээ. 

Холбоотой мэдээ