Б.Шаравын "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-25 12:11:02
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны "Хоёрдугаар симпони" тэргүүтэй таван шилмэл бүтээлийг багтаасан "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд өнөөдөр залав. 



Монголын радиогийн “Цагаан лавай” студид оркестр, найрал дуучдыг тоглуулан бичсэн эгшгийг Герман улсад "мастер" хийлгэснээр, Лондон хотод "EMI 1440" төхөөрөмжөөр алтан пянзанд хэвлэжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгээр, уг бүтээлийг Төрийн түүхийн музейд хадгалж байгаа бөгөөд есөн ширхэг алтан пянз байгаагаас гурван номерын пянзыг Б.Шарав агсны гэр бүлийнхнээс хүлээлгэн өгөв. 



Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал хэлэхдээ, "Монголын соёл, урлагийг олон улсад бишрүүлсэн, Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны сүр хүч, суу алдар, гүн ухааныг шингээсэн Б.Шарав агсны "Хоёрдугаар симфони" тэргүүтэй таван гайхамшигтай бүтээл нь алтан хальснаа буужээ. Тэдгээр бүтээл нь Монголын хөгжмийн урлагийн охь дээжис хийгээд эх орны яруу эгшиглэн болж дэлхий дахины сонорт хүрсэн. Түүнчлэн ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өв болж дархлаажсан юм" гээд, Б.Шарав агсны шилмэл бүтээл үеийн үед эгшиглэхийн бэлгэдэл болгон Төрийн түүхийн музейд хадгалж байгааг тэмдэглэв.



Алтан пянзанд Хоёрдугаар симпони-1987, Монгол орон бадартугай-2011, Эхийн сэтгэл шиг-2018, Зуурдын орон-1998, Трио-1980 гэсэн бүтээл багтсан байна. "Хоёрдугаар симфони”-ийг хамгийн анх 1988 онд ОХУ-ын Д.Д.Шостаковичийн нэрэмжит Ленинградын филармонийн тайзнаа хөгжимдөж байсан түүхтэй гэдгийг Б.Шарав агсны гэргий Д.Ганчимэг онцлов.



Тэрбээр, "Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан ханийнхаа гарын үсэгтэй, таван шилмэл бүтээл бүхий алтан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өгч буйд гэр бүлийнхээ өмнөөс маш их баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн түшээд болон энэхүү пянзыг бүтээхэд дэмжсэн бүх хүнд талархал илэрхийлье" хэмээв.



Б.Шарав амьд ахуйдаа буюу тавдугаар сарын 22-нд алтан пянзаа нээж, улмаар энэ оны долоодугаар сарын 8-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн. Тэрбээр долоодугаар сарын 15-нд өвчнөөр таалал төгссөн.


1983 онд ОХУ-ын Свердловск (одоогийн Екатеринбург) хотын Уралын хөгжмийн их сургуулийг хөгжмийн зохиолч мэргэжлээр төгсөж, ард түмний сэтгэлд хоногшсон 70 гаруй бүтээл, 300 гаруй дуу, романс туурвихын сацуу 20 орчим уран сайхны кинонд хөгжмийн найруулагч, зохиолчоор ажилласан байна. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн баатар Б.Шарав нь 2006 онд "Чингис хаан" одон хүртсэн хоёр дахь эрхэм болжээ.


Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ