Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүс байгуулах цогц төсөл хэрэгжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-25 18:01:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутаг, 1880 орчим га талбайд “Ховд агро парк” хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүс байгуулах цогц төсөл хэрэгжиж байна.

Төслийн хүрээнд 22 үйлдвэр байгуулах юм. Одоогийн байдлаар “Цант” үхрийн ферм, “Шимт” малын тэжээлийн үйлдвэр байгуулснаар үйл ажиллагаагаа эхэлжээ.
Цант үхрийн ферм нь монбелиард (Симентал), хар тарлан зэрэг үүлдрийн үхэр өсгөж байна. Ингээд өдөрт 60 орчим үхэр сааж, 500-600 литр сүүг зах зээлд нийлүүлж байгаа аж. Цаашид энэ төрлийн нийт найман ферм байгуулахаар төслийн багийнхан төлөвлөн ажиллаж байна гэж мэдээллээ.

Мөн жилд 800-1000 тонн тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай “Шимт” эко тэжээлийн үйлдвэр энэ сард ашиглалтад оров. Ингэснээр 50 гаруй га талбайд дөрвөн төрлийн үр тариа, тэжээлийн ургамал тариалж, анхны дээж бүтээгдэхүүнээ гаргажээ. 

Цаашид тус үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар ажиллуулснаар ОХУ-аас нийлүүлдэг хорголжин тэжээлээс уургийн агууламж, илчлэг чанар зэргээр илүү, үнийн хувьд хямд, эко тэжээлийг зах зээлд гаргах боломжтой болно гэж албаныхан ярьж байна.

22 нэр төрлийн үйлдвэр бүхий “Ховд агро парк” хөдөө аж ахуйн цогц төслийн төлөвлөгөөний дагуу үйлдвэрлэл үйлчилгээ явуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжийг хамтран ажиллахыг аймгийн ЗДТГ-аас урьж байна.

Энэхүү төслийн зорилго нь алслагдсан бүс нутгийн иргэдийг орон нутагт үйлдвэрлэсэн чанартай, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр тогтмол хангах, орон нутагт ажлын байр нэмэгдүүлэхэд чиглэж байгаагаараа онцлогтой. 



Холбоотой мэдээ