УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-28 15:52:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 15.50 цагт гишүүдийн 52 хувийн ирцтэй эхэллээ. Чуулганаар 13 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав. 


Тодруулбал, Хоршооны тухай, Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Мөн Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх юм. 


Түүнчлэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.


Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Санжмятав, "Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тогтоолын төслийг өнгөрсөн чуулганы хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн гэдгийг тодотгоод, ТББХ-ны хуралдаанаар эл асуудлыг хэлэлцүүлж, маргаашийн чуулганы нэгдсэн хуралдааны жагсаалтад оруулж өгөхийг гишүүдээс хүслээ.  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, маргааш өглөө 09.30 цагт ТББХ-ны хуралдаанаар, дээрх асуудлыг, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хугацаа заасан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж маргаашийн чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулахыг чиглэл болгов.


Дараа нь Хоршооны тухай багц хуулийг батлахыг дэмжих томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Тус хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд өмнөх чуулганы хуралдаанаар асуулт асууж, тодруулан байр сууриал илэрхийлсэн юм. 

Холбоотой мэдээ