Хууль эрхзүйн нөлөөг үнэн зөвөөр шинжилж гаргахыг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-11-28 16:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Судалгаа шинжилгээ хийх нь оновчтой хуулийг боловсруулж гаргахад хамгийн чухал үндэс болдог” гэдгийг Олон улсын эрх зүйн шинэчлэлийн ахлах зөвлөх Чарльз Хэнри Монтин хэлж байна.

Тэрээр манай оронд ирээд байгаа бөгөөд “RIA буюу Хууль, эрх зүйн нөлөөллийн шинжилгээ, олон улсын туршлагыг Монгол Улсад нутагшуулж, хэрэгжүүлэх зөв арга зам, аргачлалыг нэвтрүүлэх нь” сэдвээр бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй өнөөдөр МҮХАҮТ-д уулзсан юм.




Тэрээр эдийн засагч, “ДеФакто институцийн захирал Д.Жаргалсайханы “Хуулийн тухай хууль Монголд хэрэгжээд 4 жил болж байгаа ч манай улсад энэ нь маш их цагийг авсаар ямар ч утгагүй хуулиудыг дэмжсээр байна. Та үүнийг юу гэж бодож байна вэ?” гэсэн асуултад, “Монгол Улсад хуулийг системтэйгээр зохицуулдаг, эрх зүйн нөлөөллийн шинжилгээг үнэн зөвөөр хийдэг, хууль нь хэнд, хаашаа чиглэж, үр ашгийн нөлөө нь хэр байна гэдгийг судлах нь хамгийн чухал” гэдгийг онцлов.


Хууль батлагдсаны дараа биш, хэлэлцэх явцад оролцох хэрэгтэй



Хэлэлцүүлгийн талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, "Манайд хуулийн төслийг хэлэлцэхэд ТББ, хувийн хэвшлийн байгууллагууд тэр бүр оролцдоггүй тал бий. Хэрэгжих хугацаа нь болоогүй гэдгээр ч юм уу нэг их ач холбогдол өгдөггүй. Харин хуулийг батлаад хэрэгжүүлж эхэлмэгц санал гомдлоо ярьж эхэлдэг. Тиймээс хуулийн төслийг эхлэх үед нь санал бодлоо хүргэж хууль, тогтоомжийн үр нөлөөллийн үнэлгээ, түүнийг тойрсон олон зүйлийг хөндөж бизнесийн эрх зүйн орчноо сайжруулахад хүч боломжоо нэгтгэн ажиллах хэрэгтэй байна" гэсэн юм.

Өнөөдрийн уулзалт хэлэлцүүлгээр хууль, тогтоомж батлагдаж хэрэгжихээс өмнө бизнесийн салбарын мэргэжлийн байгууллага институциэр хэлэлцүүлэн үнэлүүлдэг байх нь хожим олон эрсдэл, үргүй зардлаас тойрч гарах боломжтойг хөндөж байлаа. Бизнесийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны нэг нь бизнес эрхлэгчдийг бодлогын талаар өмгөөлөх явдал байдаг бөгөөд үүний хүрээнд бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэхэд учирдаг дарамт  шахалтыг багасгаж, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, санал өгөх, судалгаа мэдээллээр хангах нь чухал байдгийг онцоллоо.




Б.Болд

Холбоотой мэдээ