Газрын тосны үйлдвэрийн ажилчдын орон сууц барихад НӨАТ-аас чөлөөлнө

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-28 16:13:10
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлав. Ингэснээр, Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхон барихад шаардагдах бараа, материалыг НӨАТ-аас чөлөөлөх юм. 


Хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийн төслийн нийт төсөвт өртгөөс хэмнэсэн хөрөнгөөр газрын тосны үйлдвэрийн ажилчдын хотхоны бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх юм. “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны 129 дүгээр тогтоолоор хотхоны бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд шаардлагатай бараа материал, тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөхөөр хуулийн төслийг боловсруулсан байна. Дорноговь аймгийн Сайншанд суманд барих 550 айлын орон сууц бүхий газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны төсөлд шаардагдах арматур, цемент, тоосго гэх мэт барилгын материалыг дотоодын аж ахуйн нэгжээс худалдан авах юм. Түүнчлэн хотхоны бүтээн байгуулалтад шаардлагатай импортоор оруулах бараа материалыг НӨАТ-аас чөлөөлөх тухай зохицуулалтыг хуулийн төсөлд боловсруулсан байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байгаагүй тул санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус хуулийн төслийг батлахыг дэмжлээ. Хууль 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх аж. 


Холбоотой мэдээ