Монголбанк: Своп хэлцлийг гурван жилээр сунгах ажил эхэлсэн

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2019-11-29 00:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас эдийн засагт гарсан өөрчлөлтүүд болон цаг үеийн зарим сэдвээр мэдээлэл хийлээ.


Монголбанк үндэсний төлбөрийн ₮ картыг EMV чип технологид шилжүүлэхээр "Мастер карт интернэйшнл" компанитай энэ сард гэрээ байгуулсан. Монголбанк 2012 оноос 2.7 сая ширхэг үндэсний төлбөрийн ₮ картыг соронзон туузтайгаар зах зээлд нэвтрүүлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд картын нууцлалыг хадгалах үүднээс дэлхий нийтээр EMV чип технологид шилжиж эхэлсэн бөгөөд манай улсын анхны чип карт ирэх оны хоёрдугаар улиралд бэлэн болно. Ингэснээр картын нууцлал, аюулгүй байдал дэлхийн жишигт хүрч, гар утсаараа төлбөр тооцоо хийх, зайнаас төлбөр тооцоо хийх, QR код болон токен зэрэг бүтээгдэхүүний төрлүүд бий болох юм. Цаашид гадаадын тодорхой улс орнуудад ₮ картаар төлбөр тооцоо хийх боломжийн талаар "Мастер карт интернэйшнл" компанитай ярилцаж байгаа талаар Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар мэдээллээ.



Үргэлжлүүлэн Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа зарим статистик мэдээллийн тоймыг танилцуулав. 


Энэ оны аравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 20.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад өсөлт 11.7 хувьтай тэнцүү байна. Мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийг төгрөгийн хадгаламж, харилцах, валютын хадгаламж голлон бүрдүүлж байна.


Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн эзлэх хувь буурчээ


Зээлийн өсөлт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.6 хувь болж 18 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт зээлийн 87.8 хувийг төгрөгийн, 12.2 хувийг гадаад валютын зээл эзэлж байна. Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь 10.7 болж өмнөх сараас 0.22 хувиар буурсан бол чанаргүй зээлийн эзлэх хувь 10.7 хувь болж өмнөх сарынхаас 0.27 хувиар буурчээ.


Банкуудын шинээр татсан төгрөгийн хадгаламжийн дундаж хүү 11.1 хувь, валютын хүү 4.2 хувь байна. Шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 16.8 хувь, валютын хүү 8.9 хувьтай тэнцүү байна.   


Гадаад валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар байна


Төлбөрийн тэнцлийн урсгал данс оны эхний есөн сарын байдлаар 907 сая долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад алдагдал 33 хувиар буурсан үзүүлэлт юм. Үүнд экспортын голлох бүтээгдэхүүний дүн нэмэгдэж, худалдааны тэнцэл сайжирсан нь голлон нөлөөлжээ. Санхүүгийн данс эхний есөн сарын байдлаар 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарахад шууд хөрөнгө оруулалт, бондын хэмжээ өссөн нь голлон нөлөөлжээ. Төлбөрийн нийт тэнцэл оны эхний есөн сарын байдлаар 264.3 сая ам.долларын ашигтай гарч улсын гадаад валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар болсон байна.

 

Банкуудын иргэдэд оглох зээлийн шалгуур чангарчээ


Монголбанкны түүвэр судалгаанд хамрагдсан иргэд 2020 оны дөрөвдүгээр улиралд инфляци 10.2 хувь байна гэсэн бол ААН-үүд 7.5 хувь, шинжээчид 8.7 хувь байна хэмээн таамаглажээ. Түүнчлэн иргэд ирэх жил эдийн засгийн өсөлт саарна, өрхийн санхүү сайжирна, зээлийн хүү тогтвортой байна гэсэн хүлээлттэй байгаа бол ААН-үүд зээлийн хүү бага зэрэг өснө гэж хариулжээ. 


Харин арилжааны банкуудаас авсан түүвэр судалгаагаар 2020 оны сүүлээр улсын эдийн засгийн өсөлт 5.9 хувь, мөнгөний нийлүүлэлт 14.3 хувь, зээлийн өсөлт 12.3 хувь, зээлийн хүү 17 хувь байна гэж таамагласан байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд банкуудын иргэдэд олгох зээлийн шалгуур бага зэрэг чангарсан бол ААН-үүдэд олгох зээлийн шалгуур хэвээр хадгалагджээ.



Үргэлжлүүлэн Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн  зах зээлийн газрын  захирал А.Энхжин, Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир нар сэтгүүлчдийн асуултад хариуллаа


"Ирэх онд БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлээс өөр Засгийн газар, Монголбанкаас хийх томоохон төлбөр тооцоо байхгүй. Ирэх онд Тавантолгойн IPO хийгдэж манай улсын хувьд ихээхэн таатай нөхцөл байдал үүснэ гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг ханагуулах тухай УИХ-ын тогтоол төслийн тодорхойгүй байдлыг арилгана гэсэн хүлээлттэй байна. Монголбанк ханш тогтвортой байна гэж үзэж байгаа ч ханш дээр огцом дарамт үүссэн тохиодолд гадаад валютын нөөц асуудлыг шийдвэрлэх хэмжээнд хүрсэн" гэв. 


Төгрөгийн ханш сулрахад юу нөлөөлж байна вэ?


Төгрөгийн ам.доллартой харьцах ханш оны эхнээс  Монголбанкны зарласан ханшнаас 2.5 хувиар суларсан. Оны эхнээс харьцангуй тогтвортой явсан ам.долларын ханш аравдугаар сар гарсаар  чангарах үзэгдэх ажиглагдсан.  Саарал жагсаалтад орсноос үүдэн эдийн засагт томоохон дарамт үүсэх нь гэсэн яриа нийгэмд гарснаас болж ханшинд дарамт үүссэн. Уг нь төгрөгийн ханшийн хувьд он гарснаас хойш 2.5 хувь сулраад байгаа нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт юм. Бусад орнуудын ханшийг авч  үзэхэд үндэсний валют нь ам.долларын эсрэг суларсан дүр зурагтай байгаа. Монголбанкнаас цаашид төгрөгийн ханшийг  тогтвортой байна гэж харж байгаа.


Энэ он болон ирэх оны хувьд төлбөрийн тэнцэл таатай ашигтай  гарах байх  гэж найдаж байна. Монгол Улсын гол түүхий эдүүдийн экспорт үнэ болон экспортын  хэмжээ нь таатай байгаа.  Мөн ирэх онд Тавантолгойн IPO хийгдэх яриа, хэлэлцээр ахицтай яваа. Монгол Улсын валютын нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрээд байгаа. Хэрэв ханш  дээр огцом дарамт үүссэн тохиолдолд Монголбанкны зүгээс шийдвэрлэх нөөц бололцоо бүрдсэн гэж харж байна.


Засгийн газраас дотооддоо үнэт цаасыг гаргахгүй гэж шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэр нь эрсдэл дагуулахгүй юу?


Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өнөөдрийн байдлаар 4.2 их наяд төгрөг. Төв банкны үнэт цаасны хэмжээ өссөн нь Засгийн газрын үнэт цаас дотооддоо гаргахгүй  болсонтой шууд холбоотой. Нөгөө талаас  Монгол Улсад орж ирж байгаа валютын урсгал сүүлийн жилүүдэд өссөн. Үнэт цаасны хэмжээ нэмэгдэж байгаа нь төв банкнаас эдийн засагт эрсдэл үүсэхээс сэргийлж авч хэрэгжүүлж байгаа гол арга хэмжээ юм.


Своп хэлцэл хийх гээд явсан багийг урд хөрш хүлээж авсангүй гэх албан бус мэдээлэл гарсан. Своп хэлцлийг сунгах асуудал ямар үе шатанд явж байна вэ?


Энэ нь үндэслэлгүй мэдээлэл. Монголбанкны ерөнхийлөгч 2018 оны 11 сард  Хятадын ардын  төв банкны ерөнхийлөгчтэй уулзан своп  хэлэлцлийг 2020 онд дуусахад нь дахин гурван жилээр сунгах хүсэлт тавьж шийдвэрлэсэн. Монголбанкны зүгээс Хятадын Ардын банктай гэрээ хэлцэл хийх ажил эхэлсэн.


2020 онд MCS группийн ” М” нэртэй шинэ арилжааны банк үйл ажиллагаа явуулж эхэлнэ гэсэн мэдээлэл бий.  Энэ үнэн үү?


Албан ёсоор Монголбанкнаас зөвшөөрөл өгөөгүй. Мэдээж  аливаа аж ахуй нэгж банк байгуулах болзол шаардлагаа хангасан тохиолдолд банк байгуулах эрхтэй. Үүнийг монгол банкны зөвлөл хэлэлцэж албан ёсны шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч гаргадаг. MCS группээс  дээрх асуудлыг жилийн  өмнө тавьсан. Одоогоор зөвшөөрөл гараагүй гэдгийг  дахин онцолмоор байна.


Алтны хууль бус наймаатай хууль хяналтын байгууллага тэмцэж чадахгүй байна гэдэг. Гэтэл хууль хяналтын байгууллагын дарга нар нь өөрсдөө уурхайтай бөгөөд жилд багахан хэмжээний алтыг Монгол банканд тушаадаг юм байна.  Үүн дээр танайхаас хэрхэн хяналт тавьж байна вэ?


Монголбанкны алт худалдан авалтын  хэмжээ өнөөдрийн байдлаар 14 тонн байгаа. Өнгөрсөн оны мөн үед Монголбанк 18.2 тонн авч байсан бол тэр хэмжээнээс 4.2 тонноор буурсан. Мэдээж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нэмэгдсэн нь тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх. Нөгөө талаас алтны шороон  ордны нөөц буурч байгаа. Мөн байгаль орчны нөхөн сэргээлт хамгаалалтай холбоотой Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажлууд нь хууль   зөрчиж үйл ажиллагаа явуулсан алтны уурхайнуудыг хаасан байх боломжтой.


 Монголбанкны зүгээс хууль бус алтны худалдаатай  холбоотой мэдээллийг хуулийн байгууллагатай хуваалцдаг. Мөн олон нийтэд алтны хууль бус худалдаа наймаа эрхлэхэд үүсэх хүндрэлүүдийн талаар таниулах ажлыг хийж байгаа. Ашигт малтмалын нөөц ашигласны  төлбөрийг Монголбанк хэвийн хуульд заасан хэмжээнд авч байна. Энэ талаар Үндсэн хуулийн Цэцээс тодруулга авахад Монголбанкны үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэсэн чиглэлийг ирүүлсэн.


Капитал банканд ипотекийн зээл төлж байсан иргэдийг Улаанбаатар хотын банк руу  зээлээ төл гээд шинэ гэрээ байгуулахгүйгээр данс өгөөд шилжүүл гэсэн байх юм. Үүнээс үүдэн гэрээ хийхгүй бол мөнгө шилжүүлэхгүй гэж суусан хүмүүс чанаргүй зээлдэгчийн жагсаалтад орсон гэсэн мэдээлэл байна.


Одоохондоо мэдээлэл алга байна.  Үүнийг тодруулж асууя. Энэ нь ямар процессоор явдаг вэ гэхээр нэгэнт зээл авсан  бол тэр зээлийг монголын ипотекийн корпорацаас шууд худалддаг. Дараа нь анх зээл олгосон банканд хүндрэл үүсэх юм  бол ипотекийн корпорац өөр нэг банктай гэрээ байгуулах замаар зээлийн үйлчилгээг олгодог. Иргэдийн хувьд анх ипотекийн гэрээ байгуулсан бол үйлчилгээ үзүүлэх банк солигдож байгаатай холбогдуулан дахин гэрээ байгуулах шаардлагагүй.  Улаанбаатар хотын банк дээр зээлээ хэвийн төлөөд явах ёстой. Гэхдээ үүнийг эргүүлж тодруулаад олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой бол мэдээлэл хийнэ.


Монголбанкны ерөнхийлөгч солигдсон. Ингэснээр монголбанкны баримтлах бодлогод өөрчлөлт орох уу?


Монголбанкны сүүлийн гурван жил баримталж ирсэн жанжин шугамаа алдахгүй  ажиллана. Тэр дундаа эдийн засгийн сэргэлтийг батжуулах , төгрөгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн үндсэн үүргээ илүү үр дүнтэйгээр хэрэгжүүлнэ.  Шинэ ерөнхийлөгчийн хувьд  ирэх жилийг гурван том солилттой нүүр тулна гэж харж байгаа. Монголбанкны удирдлага энэ гурван сорилтыг богино хугацаанд үр дүнтэй шийдвэрлэхэд чиглэсэн эрчимтэй арга хэмжээ авч ажиллахаар эхнээсээ ажлын хэсгүүд байгуулагдсан. Эхнийх нь ирэх оны тавдугаар сард олон улсын  валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн  хугацаа дуусна. Энэ хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгах нь Монгол Улсын ирээдүйд ашигтай. Тэр утгаараа энэ хөтөлбөрийг амжилттай  хэрэгжүүлэхэд төв банкнаас шаардагдах арга хэмжээг авч ажиллана. Хоёрдугаарт ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусч байгаа саарал жагсаалтаас 2020 ондоо багтаж гарах ёстой. Гуравдугаарт ирэх оны долдугаар сард монголбанк болон Хятад улсын ардын банктай гэрээ байгуулсан своп хэлцэл дуусна. Тиймээс гэрээгээ шинэчлэх тал дээр онцгой анхаарч ажиллаж байна.


Холбоотой мэдээ