Нэг өдөр хичээснээр 15-20 хүний эрүүл мэндийг хамгаалж чадна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-29 15:40:47
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-наас жил бүрийн 11 дүгээр сарын 29-нд уламжлал болгон тэмдэглэдэг "Хичээх өдөр" өнөөдөр тохиож байна. Тус албанаас иргэн, тээврийн хэрэгслийн жолооч нэг бүрийг замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй, хөдөлгөөнд соёлтой, хичээнгүйлэн оролцохыг уриаллаа.



"Хичээх өдөр"-ийн хүрээнд өнөөдөр энхтайваны өргөн чөлөөний авто замын хөдөлгөөнийг 11.00 цагаас 10 минутын хугацаатай түр зогсоож, цагдаа, яаралтай түргэн тусламж, онцгой байдлын албанаас дуут дохио өгч зам тээврийн ослоор хохирсон иргэдэд хүндэтгэл илэрхийлэв.



Түүнчлэн, "Ланд круйзер" тэргүүтэй автомашин сонирхогчдын клубүүд жагсаалд нэгдэж, "Замын хөдөлгөөний дүрмээ ганцхан өдөр зөрчихгүй хичээснээр, хоёр хүний амь, 15-20 хүний эрүүл мэнд осолд хохирохоос хамгаалж, зам тээврийн 260 осол гарахаас урьдчилан сэргийлж чадна" гэсэн уриалгыг дэвшүүлж байлаа. 



ТЦА-ны алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийг сурталчлах, хяналт тавих, мөн ослын үеэр эвдэрч хэмхэрсэн тээврийн хэрэгслийн цувааг тодорхой маршрутаар явуулж иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг сэрэмжлүүлэв. Хүн нэг бүр замын хөдөлгөөний дүрмээ чандлан сахиж хөдөлгөөнд соёлтой оролцвол зам тээврийн осол гарахгүйг ТЦА-ны алба хаагчид онцлов.


Улсын хэмжээнд жилд зам тээврийн ослоор 500 гаруй хүн амиа алдаж, 6187 хүн эрүүл мэндээрээ хохирдог гэсэн харамсалтай тоо баримт байдаг аж.

Холбоотой мэдээ