Гуандун мужийн дэд захирагч авлигын хэрэгт холбогдон намаас хөөгдөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-04-18 14:24:43

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын нутгийн өмнөд хэсэгт орших Гуандун мужийн дэд захирагч Лю Жигэнийг авлигын хэрэгт холбогдсоны учраас намаас хөөсөн байна. Намын дотоодод мөрдөн шалгалт явуулж, түүний хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай Хятадын Коммунист намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурджээ.

Лю Жигэн Гуандун мужийн орлогч даргын албан тушаалыг 2011 оны 11 дүгээр сараас эхлэн хашсан байна. Хятадын авлигатай тэмцэх гол байгууллага болох дээрх хороо “намын сахилга батыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр түүнийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Мөрдөн шалгалтын явцад Лю Жигэн гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлж, мөн хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан, улсын мөнгийг шамшигдуулсан нь тогтоогдсон  тухай Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурдсан байна. Тус хороо Лю Жигэнийг Коммунист намаас хөөж, хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргажээ.

БНХАУ-ын дарга Ши Зинпин 2012 онд төрийн эрхэнд гарсныхаа дараа авлигатай тэмцэх томоохон ажлыг эхлүүлсэн билээ. Үүнээс хойш хэд хэдэн өндөр дээд албан тушаалтныг оруулаад олон мянган хүн авлигын хэргээр ял шийтгүүлсэн байна. Авлигатай хийж буй тэмцэл “хэзээ ч дуусахгүй” гэж Хятадын удирдагч мэдэгджээ.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ