Аймгийн ИТХ-ын X хуралдаан 85.3 хувийн ирцтэй болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-12-02 15:58:28

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын 10 дугаар хуралдаан өнөөдөр Нутгийн удирдлагын ордны Хуралдааны их танхимд эхэллээ.

Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 төлөөлөгч оролцохоос 35 төлөөлөгч хүрэлцэн ирж, 85.3 хувийн ирцтэй хуралдаж байна.

Мөн хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж болон төрийн байгууллагын дарга, эрхлэгч, сумдын удирдах ажилтнууд урилгаар оролцож буй.

Энэ удаагийн хуралдааныг аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди нээж мэндчилгээ дэвшүүлсэн. Мөн 10 дугаар хуралдааны дэг, хэлэлцэх асуудал, дотоод журам танилцууллаа.

Тус хуралдаанаар есөн асуудал хэлэлцэж батална. Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор Мөнххайрхан сумаас сонгогдсон Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх болон аймгийн ИТХ-ын 2019 оны үйл ажиллагааны тайлан, цаашдын зорилтын тухай илтгэл тус тус хэлэлцлээ.

Тодруулбал, Сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын Мөнххайрхан сумын 21 дүгээр тойргийн нөхөн сонгуулийн дүнг танилцуулсан. Улмаар Мөнххайрхан сумын нийт сонгогчдын олонхийн санал авсан Б.Батболдын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулж, ажлын амжилт хүсэв.

Түүнчлэн Ховд аймгийн ИТХ-ын үндсэн үйл ажиллагаа, томоохон дэд хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнг стратеги төлөвлөгөөний дагуу 80 гаруй хувийн биелэлттэй байна гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн болохыг албаны эх сурвалж онцоллоо.

Энэ үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди хэлэхдээ: Аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн төсөл хөтөлбөрийг дунд хугацааны бодлогын баримт бичигтэй уялдуулан баталж, "Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц", "Ховд Агро парк", "Эко цементийн үйлдвэр", “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын цогцолбор, “Хашаандаа сайхан амьдарцгаая” зэрэг 30 томоохон төслийг  амжилттай хэрэгжүүлж байна гэлээ.

Мөн 2019 онд орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц болохуйц 20 гаруй хөтөлбөр баталж, “Шинэ Ховд” хөрөнгө оруулалт, хөгжлийн хоёрдугаар чуулганыг зохион байгуулах замаар 2030 он хүртэлх хугацаанд 69 төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр төслийн хүрээнд 60 гаруй үйлдвэр шинээр байгуулах, 3000 орчим ажлын байр шинээр бий болох, улмаар аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр дахин нэмэгдүүлж, 800 гаруй тэрбум төгрөгт  хүргэх зорилт тавьсан гэв. 

Түүнчлэн ирэх 2020 онд Ховд аймгийн хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга, боловсрол, соёл урлаг, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлж, аялал жуулчлал хөгжих, төрийн байгууллагын бүх шатанд хариуцлага сахилгыг дээшлүүлэх, эдийн засаг, нийгмийн суурь асуудлыг хамтдаа шийдэхийг зорьж, "Бүтээлч-хамтын ажиллагааны жил" байх болно хэмээлээ.  

Хуралдаанаар цаашид аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2020 оны зорилт,

-Аймгийн 2018 оны төсвийн гүйцэтгэл, 2019 оны батлагдсан төсвийн хэрэгжилт,

-2020 оны төсвийн төсөл болон үр ашгийг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх талаар аймгийн Аудитын газраас өгөх санал,

-Аймгийн газар зохион байгуулалтын 2019 оны төлөвлөгөөний биелэлт, 2020 оны төлөвлөгөөний төсөл,

-Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны “Мал эмнэлгийн ажил үйлчилгээ, шинжилгээний хөлсний норматив тогтоох тухай” 8/10 дугаар тогтоол, “Ховд аймгийн орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх, нөхөн сэргээх ажлын зөвшөөрөл олгох, гүйцэтгэх журам батлах тухай” 8/08 тогтоолуудыг хүчингүй болгох,

-Орон нутгийн татварын хувь хэмжээ тогтоох,

-Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Хуралдаан 12 дугаар сарын 03-нд өндөрлөнө.

 

Холбоотой мэдээ