Л.Оюун-Эрдэнэ: Цахим шилжилт хийснээр авлига, хүнд суртал арилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-04 14:01:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс дижитал шилжилт хийснээр авлига, төрийн үйлчилгээний хүнд суртал алга болно гэдгийг ГХЯ-ны зөвшилцөл танхимд өнөөдөр болсон “Дижитал Монгол Улс” хэлэлцүүлэгт оролцсон албаныхан онцлов. Хэлэлцүүлгээр, үндэсний хэмжээнд "Дижитал Монгол" хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо.


Монгол Улсын Засгийн газар, Эстони Улсын Засгийн газар, Е-Засаглалын академитай хамтран дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид оролцсон юм. 


Хэлэлцүүлгийн хүрээнд төрийн бүх үйлчилгээгээ цахимжуулсан Эстони улс туршлагаасаа хуваалцав. Тус улс нь сүүлийн 17 жилийн хугацаанд цахим шилжилт хийж, төрийн 3000 гаруй үйлчилгээг цахимжуулсан бөгөөд улс төрийн сонгуулиа ч цахимаар явуулдаг. Эстони улс 1.3 сая хүн амтай, газар нутгаараа Сэлэнгэ аймагтай адил бөгөөд  өвөл нь цас их унадаг онцлогтой тул иргэд нь гэрээсээ гаралгүй төрийн бүх үйлчилгээг интернэтээр авч байна.



“Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-д нийт 63 улсын дижитал өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлжээ. Үүнд Монгол Улс сүүлээсээ хоёрдугаар байрт буюу 62-т эрэмбэлэгдсэн байна” гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дурдлаа. Мэдээллийн технологи, дижитал үйлчилгээг өдөр тутамдаа хэрэглэх боломж, суурь бааз манай улсад бүрдсэн ч бид мэдээллийн технологийг нийгмийн сүлжээний хэрэглээнээс өөрөөр дорвитой ашиглахгүй байгааг цохон тэмдэглэв. Тухайлбал, жолоочийн татвар төлөх үйлчилгээг цахимжуулсан ч 400 мянган жолоочоос ердөө 24 мянга нь цахимаар татвараа төлсөн байгааг дурдаад, үүнд хуулийн зохицуулалт дутаж байгааг онцоллоо. Гэхдээ Монгол Улсыг дижитал болгохын тулд зөвхөн төрийн байгууллагууд дангаараа чармайх нь учир дутагдалтай, хувийн хэвшил, их дээд сургууль, судалгааны байгууллага, олон улсын байгууллагын оролцоо нэн чухал гэдгийг хэллээ. 



“Төр, хувийн хэвшлийн иргэдэд үйлчлэх үйлчилгээг нэг багц болгож цахимжуулсан дэлхийн 10 гаруй улс байна. Үүнээс манай улсад хамгийн тохирохуйц нь Эстоны жишээ юм” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тодотгож байв. Тус улс 1997 онд “Е-Еstonia” хөтөлбөрийг эхлүүлсэн бол 2000 онд татвар-цахим систем, 2001 онд “Нэгдсэн систем”, 2002 онд “Дижитал ID”, 2005 онд Цахим сонгууль, 2008 онд “Цахим-Эрүүл мэнд”, 2014 онд Цахим иргэншил” хөтөлбөрүдийг амжилттай хэрэгжүүлжээ.


Эстони улсын Засгийн газрын төлөөлөгчид Монгол улс цахим засаглалыг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчин бүрдүүлэх, тогтвортой байдал, шилжилтийн менежмент, төсөв, санхүү, улс төрийн хүсэл зориг нэн түрүүнд шаардлагатай хэмээн дүгнэв.


Ингээд хэлэлцүүлгийн үр дүнд “Дижитал Монгол” хөтөлбөрийг Эстони улсын Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэхийг оролцогчид 100 хувь дэмжсэнээр хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн дэмжиж байгаа тул тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний хороог байгуулахаар болсон юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, “Дижитал Монгол” хөтөлбөрийг аль нэг улс төрийн хүчин, эсвэл Засгийн газрын хийж байгаа ажил биш гэдгийг онцлов. Тэрбээр, "Таван жилийн дараа гэхэд бид Эстони улсын түвшинд хүрсэн байх болно. Тодруулбал, бид төрийн үйлчилгээнийхээ 90 орчим хувийг хүнд сурталгүй, одоо байгаагаас 150 дахин хурдаар иргэдэд хүргэх боломжтой болно” хэмээв. Жишээ татахад, Засаг даргын тодорхойлолт авахад 1-2 цаг, компани байгуулахад 1-2 өдөр алддаг байсан. Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр иргэд ухаалаг гар утсаа ашиглан 3-5 минутад дээрх үйлчилгээг авах боломж бүрдэх юм. Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр, авлигал, хүнд суртал байхгүй болно гэдгийгт тэрээр онцолж байлаа. Учир нь иргэн төрийн албан тушаалтантай харьцахгүй болно. Өөрөөр хэлбэл, нэг ч төрийн албан хаагч албан тушаалынхаа давуу байдлаа үнэлэх боломжгүй болох аж. 


Ташрамд дурдахад, Эстони улс нь европ төдийгүй дэлхийд цахим засаглал, төрийн үйлчилгээг Х-road системээр иргэдэд хүргэдэг үзүүлэлтээрээ тэргүүлдэг юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй харилцаа, холбооны салбарынхан саяхан тус улсад ажиллаж, цахим засаглалын туршлагатай газар дээр нь танилцаад ирсэн юм. Харин энэ удаа тус улсын И-Засаглалын академийн дэд захирал Ханнес Асток тэргүүтэй төлөөлөгчид манай улсад хүрэлцэн ирж, цахим хөгжлийн явцтай танилцаж байна. Энэхүү хэлэлцүүлэгт урилгаар оролцсон бөгөөд ноён Ханнес Асток, “И-Эстони экосистем ба X-road архитектур”, “Бүрэн дижиталчлал хийхэд шаардлагатай бодлого, зохицуулалтын шинэчлэл”, “Зохицуулалт, хамтын ажиллагааны механизм” сэдвээр илтгэл тавьж оролцогчдоор хэлэлцүүлсэн юм.


Холбоотой мэдээ