Тусгай хэрэгцээт асаргаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тѳв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-12-05 11:04:56

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Олон улсын Лайнс байгууллагын БНСУ дахь С355 бүс Дархан сумын 7 дугаар цэцэрлэгийг түшиглэн /ѳргѳтгѳн/ тусгай хэрэгцээт асаргаа сувилгаа шаардлагатай хүүхдүүдэд зориулсан тѳвийг шинээр байгуулахаар боллоо. Энэ хүрээнд энэ сарын 3-нд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал болон С355 бүсийн ерѳнхий нарийн бичгийн дарга ноён Ким Хён Тэ нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Шинэ тѳвийг 200м2 хүртэлх талбай бүхий газарт барихаар тѳлѳвлѳсѳн бѳгѳѳд 2020 оны хавар барилгын ажлыг дуусгасан байхаар тооцоолжээ.

Аймгийн хэмжээнд нийт 200 орчим хѳгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдгаас 70 орчим нь 0-7 насныхан байна. Тусгай хэрэгцээт асаргаа сувилгаа шаардлагатай эдгээр хүүхдүүдийн ердөө 30-аад нь цэцэрлэгт хамрагддаг. Тэгвэл ѳдѳр ѳнжүүлэх шинэ тѳвтэй болсноор үлдсэн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, нийгэмшүүлэх, нөхөн сэргээх, асаргаа сувилгаанд хамруулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд томоохон ахиц гарах юм.

Лайнс ОУБ-аас Дархан суманд уг хүмүүнлэгийн тѳслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргахдаа газар нутаг, дэд бүтэц, цаашид тѳвийг тогтвортой ажиллуулах тѳсѳв зэрэг олон нѳхцѳл байдлыг харгалзан үзжээ. Санамж бичигт талууд зѳвхѳн асрамж халамжийн тѳв байгуулахаас гадна спорт, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллаж, харилцаагаа улам ѳргѳжүүлэхээр тусгасан байна.

 

Холбоотой мэдээ