Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлтэй холбоотой хуулийн төслийг буцаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11.16 цагт эхэллээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хууль, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Өргөн нэвтрүүлгийн тухай, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ирц хангалтгүй байгаа тул дээрх асуудлуудыг түр хойшлуулах санал гаргав. УИХ-ын дарга Г.Занданшатар, Төрийн ордны Их танхимд малчдын зөвлөгөөн болон бусад ажилд гишүүд оролцож байгаа тул санал хураах үеэр ирц нэмэгдэнэ гэлээ.
Ийнхүү Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр санал хураав. Тус хуулийн төслөөр өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Уг хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжээгүй тул төсөл санаачлагч УИХ-ын гишүүн С.Эрдэнэд буцаав.