Ерөнхий сайд У.Хүрэлсүх бизнес форумыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2019-12-05 11:39:40

Москва. /МОНЦАМЭ/. Монголын Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Өчигдөр орой хоёр улсын Засгийн газрын тэргүүнүүд өргөтгөсөн хэлэлцээ хийсэн билээ. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын тэргүүн  дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Москва хотын төв дэх жанжин Д.Сүхбаатарт зориулсан дурсгалын самбар, Нэр нь үл мэдэгдэх дайчдын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл илэрхийллээ.

Мөн өдөр Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Оросын худалдааны танхимтай хамтран зохион байгуулсан “Монгол-Орос улс Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээл дээр бизнес эрхлэх” форумыг нээж мөн Монголын  бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнг үзэж сонирхсон юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ“Бизнес эрхлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангаж, худалдаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэхэд та бүхний хүчин зүтгэл маш их бөгөөд боловсруулах үйлдвэрүүд байгуулах хэрэгтэй” гээд Монгол, Орос, Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулахыг чухал болохыг дурдав. Энэ талаар Оросын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзахдаа ярьсан тухай хэлэв. Ази, Европыг холбосон транзит бүс байгуулж, бизнес эрхлэгчид яриа хэлэлцээ хийж, харилцан ашигтай гэрээ байгуулахыг  У.Хүрэлсүх төгсгөлд нь онцолсон юм.

Үүний дараа ОХУ-ын  дэд Ерөнхий сайд А.В.Гордеев үг хэлэхдээ “Уламжлалт найрсаг харилцаатай, олон жилийн  хамтын ажиллагааны туршлага  нь бизнес эрхлэгчдэд  хамтран ажиллахад гол тулгуур болно. Энэ жил хоёр тал олон чухал тэмдэглэлт ой тэмдэглэж байгаа бөгөөд түүний нэг нь Халх голд байгуулсан ялалтын ой юм. Өчигдөр Оросын Засгийн газрын тэргүүнтэй хийсэн яриа хэлэлцээний үеэр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны чиг хандлагын талаар  тодорхой ярилцсан. Сүүлийн жилүүдэд эдийн засгийн хамтын ажиллагаа нэлээд эрчимжсэн” гээд зарим тоо баримтыг дурдсан юм.

Тэрээр мөн цааш нь хэлэхдээ, Евразийн эдийн засгийн  холбооны үйл ажиллагааны хүрээнд Азийн орнууд эрчимтэй хамтрахаар төлөвлөсөн бөгөөд үүний хүрээнд зүүн-хойд Азийн орнууд тэр дундаа Монгол багтаж байгаа гэв. ОХУ болон Евразийн эдийн засгийн комиссын ажиллагааны хүрээнд хамтрах нь Орос, Монголын эдийн засгийн харилцааг улам эрчимжүүлэхэд нөлөөлнө” гэв.

Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар “Найрамдалт харилцаа ба иж бүрэн стратегийн түншлэл”  нэртэй презентаци тавихдаа Оросын бизнес эрхлэгчдийн анхаарлыг татахуйц баримтуудыг дурдсан юм. Монгол нь уламжлалаа хадгалахыг сацуу орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаагаараа онцлог хэмээн дурдав.

                                                                                                                                                                                        Ю.Дэлгэрмаа

 

Холбоотой мэдээ