Төслийн хүрээнд 500 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-12-06 12:34:04
Баянхонгор /МОНЦАМЭ/. Усан хангамж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд 8010 хүн ундны ус, 5838 хүн ариун цэврийн байгууламжийн сайжруулсан үйлчилгээг хүртэж байна.
Эрүүл мэндийн яам, БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр 2019-2021 онд Баянхонгор аймагт "Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй усан хангамж, ариун цэвэр эрүүл ахуйн үйлчилгээ" төсөл хэрэгжиж байгаа юм.
Төслийн хүрээнд 2019 онд аймгийн 10 суманд ухаалаг худаг 10, ундны усны худаг гурав, нийтийн халуун усны барилга нэг, зөөврийн халуун усны барилга нэг, зургаан сургууль, цэцэрлэгт ариун цэврийн байгууламжийн засвар, тохижилтын ажил, сургуулийн зөөврийн ариун цэврийн байгууламж нэг, нийтийн сайжруулсан ариун цэврийн байгууламж нэг, нийт 16 төрлийн ажлыг 506.4 сая төгрөгөөр гүйцэтгэж байна.
Мөн 20 сумын удирдах албан тушаалтан болон иргэдийг усны аюулгүй байдлын сургалтад хамруулжээ.
Холбоотой мэдээ