Монгол, Вьетнамын худалдааг 100 сая ам.долларт хүргэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2019-12-06 08:22:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Вьетнамын Засгийн газрын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 17 дугаар хуралдаан Ханой хотноо энэ сарын 3-6-нд боллоо.


Хуралдааныг Монголын талаас ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Вьетнамын талаас тус улсын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн сайд Нгуен Суан Гыөнг нар ахалж оролцов. Энэ үеэр Монгол, Вьетнамын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, зам тээвэр, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөлмөр, эрүүл мэнд, гамшгаас урьдчилан сэргийлэх салбарын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцэж, Хамтарсан протокол байгуулсан байна.


Талууд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, чингэхдээ хоёр талын худалдааг эхний ээлжинд 100 сая ам.долларт хүргэх ажил өрнүүлэхээр тогтжээ. Тухайлбал, Монгол, Вьетнамын хооронд нийлүүлэх бараа бүтээгдэхүүн, түүний дотор гүн хөлдөөсөн хонь, ямааны мах болон далайн бүтээгдэхүүний мал эмнэлэг, хорио цээрийн дэглэмийн тохиролцоонд хүрчээ. Сүүлийн жилүүдэд манай хоёр орны зам тээвэр, ложистикийн хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч байгааг талууд сайшаан, цаашид агаарын шууд нислэг эхлүүлэх, төмөр зам, далайн тээврийн сүлжээг өргөжүүлэх, Вьетнамын боомтод терминал ашиглах яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж, өндөр түвшний айлчлал зохион байгуулахаар ярилцсан байна. Мөн Монгол Улсаас эрчим хүчний, коксжих нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг Вьетнамд нийлүүлэх боломж байгааг манай талаас илэрхийлжээ.

Холбоотой мэдээ