Ардчиллаар овоглосон 30 жил

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-12-06 11:44:40

Дугаар хорооны иргэн та, чи, би 30 жилийн өмнө яг энэ өдөр хаана юу хийж байсан юм бэ? Энэ асуултад хүн бүхэн хариулт өгөх боломжтой. Хүн бүхний хариу өөр өөр байх нь ойлгомжтой.  Гэхдээ иргэдийг төлөөлүүлэн  Цэрэн 1989 оны 12 дугаар сарын эхний 10 хоногт юу хийж байсан юм бэ гэдэг талаар авч үзье.


Цэрэнг сонгож авсан гол шалтгаан түүний тухайн үед хашиж асан албан тушаалаас илүүтэй авч байсан мэдээлэлд хэргийн учир байгаа юм. Тэрбээр тухайн үед шинжлэх ухааны байгууллагад ажиллаж байсан.  Тоон үзүүлэлтийн хувьд нас тогтсон тунгаан бодох чадвартай тулхтай мэдээлэд ойрхон нэгэн байсан гэж нөхөд нь ярьдаг. Шинжлэх ухааны салбарт ажиллагсад  ажил мэргэжлээс хамаараад өөр өөр үүрэгтэй нь тодорхой. Харин тэднийг тухайн үед нэгтгэдэг нэг зүйл нь ажлынхаа завсар зайгаар хоорондоо солилцдог мэдээлэл нь байсан юм билээ. Тэд дор бүртээ энд, тэндээс сонссон мэдээллээ солилцдог. Солилцож байгаа мэдээлийн хамрах хүрээ цаг үе яаж өөрчлөгдөх  талаар байжээ. Энэ бол ганцхан Цэрэнд байсан мэдээлэл биш. Тухайн үеийн сэхээтнүүдийн дунд нэгээс нөгөөрүү тардаг асан мэдээлэл гэж ойлгож болно. Тэдний хооронд амнаас ам дамжсан мэдээллийг өнөөдрийн түвшинд авч үзвэл улс төр байсан юм биз дээ. Гэхдээ үүнийг өргөн хүрээнд өндөр дуугаар ярихгүй. Мэдээллийн  хүрээ одоог бодвол явцуу байжээ. Гэхдээ өөр хооронд ярьдаг. Тэднийг нэгтгээд байсан мэдээллийн гол цөм нь хэдэн арван жилийн туршид халаагүй суусан улс төрийн товчоог өөрчлөх цуурхал болон хувирна.


Энэ сэдвийг тухайн үед хөөргөсөн гол зүйл нь хойд хөрш ЗХУ (ОХУ)-д эхэлсэн өөрчлөлт, шинэчлэлт (асуудлыг өөр өнцгөөс харах) байжээ. Өөрчлөлт, шинэчлэлтийн хүрээг тэлэх үүднээс улсын хэмжээнд 1989 онд олныг хамарсан хоёр том үйл явдал болжээ. Түүний нэг нь ахмадуудын улсын зөвлөлгөөн (1989-6 сар). Харин хоёр дахь нь  Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөн (1989-11-28) аж. Зөвлөлгөөний сэдэв өөрчлөлт, шинэчлэлтийг бүх шатанд гүнзгийрүүлэх, цаашлаад МАХН-ын улс төрийн товооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай байсан юм билээ. Олон нийт ийм өөрчлөлтийг Улс төрийн товчоо дотроосоо хийнэ гэж хүлээсэн. Гэвч тэд хийгээгүй.


Олон нийт 1988 онд хуралдсан МАХН-ын төв хорооны 5 дугаар бүгд хурлаас өөрчлөлтийг маш их хүлээсэн аж. Гэтэл амьдрал дээр ийм зүйл болсонгүй. Энэ нь нийгмийг хамарсан олон нийтийн хөдөлгөөн “Ардчилсан холбоо” гарч ирэх нөхцөлийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Гэхдээ Ардчилсан холбоо гэнэт цементэн дээр “ургасан цэцэг” биш. Түүний үр хөврөл нийгэмд бүрэлдэн тогтсон. Түүнийг улс төрийн “далд гар” тодорхой хугацаанд удирдсан гэж ярих юм билээ. Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөлгөөн (1989-11-23), анхны цуглаан (1989-12-10)-ны үеээр эрчимсэн байх боломжтой.


Улс төрийн “далд гар”  болж өнгөрсөн үйл явдлаас МАХН-ын Улс төрийн товчоог ард түмний дэмжлэггүйгээр өөрчлөхгүй. Тэднийг өөрчлөхгүйгээр өөрчлөлт, шинэчлэлт хүрээгээ тэлэхгүй нь тодорхой болсон гэж үзсэн бололтой. Ийм учраас ард түмнээс дэмжлэг хайж, хөдөлгөх хүч болгон  зохион байгуулсан нь ардчилсан хүчин байж таарна.


Ардчиллын анхны 13 гарч ирсэн. Тэдний залгааг бас бодож хийсэн байдаг. Эхний шатанд ямар нэг алдаа гаргаж нухчин даруулахгүйгээр улс төрийн давцан (Сүхбаатарын талбай)-д гаргаж ирэх зорилго улс төрийн “далд гар” тавьсан байх магадлалтай. Тийм учраас их эргэлтийн өмнө Ховд (1989-12-7)-д оюутны жагсаал болов. Уг жагсаалд биеэр оролцсон  зарим нэг хүн “Жагсаал болсон. Түүнийг хэн хаанаас зохион байгуулсан нь тодорхойгүй. Харин хүнд суртлыг шүүмжилж, аймгийн удирдлага тусгай дэлгүүрээр үйлчлүүлж байгаа нь буруу" гэсэн утга бүхий зүйл ярьж, лоозон барьж, "төв талбайг нэг удаа тойрсон" гэх юм. Энэ талаар олныг нурших нь илүүц. Тэр үйл явдалд оролцсон хүмүүс олон байгаа  тэд ярих биз.

Түүний дараа Эрдэнэт хотод (1989-12-8) жагсаал болсон. Түүний хүчин чадлын талаар тухайн жагсаалд оролцож байсан хүмүүс бусдаас илүү ихийг мэдэх тул энд нурших шаардлагагүй.  


Эхний  жагсаалуудыг олон нийт ил дэмжээгүй ч нүд үзүүрлээгүй. Үүнд улс төрийн “далд гар” урамшсан биз. Болж өнгөрсөн жагсаалаас Улаанбаатарт олныг хамарсан цуглаан зохион байгуулах  нь зөв гэсэн ойлголт авсан болов уу. Ингэж Адчилсан холбооны анхны цуглааныг олон улсын хүний эрхийг хамгаалах өдөр (12дугаар сарын 10) Улаанбаатарт цуглаан зохион байгуулж Ардчилсан холбоо мэндлэх нөхцөл бүрдүүлсэн гэлтэй.


Уг цуглаан товлосон өдөр (1989-12-10)-өө Залуучуудын соёлын төв (одоо Нийслэлийн төр захиргааны 5 дугаар байр)-ийн үүдэнд болсон. Энэ цуглаанд 500 орчим хүн оролцсон, түүний 300 орчим нь цагдаа, тагнуулын ажилтнууд байсан гэж зарим эх сурвалж мэдээлдэг. Гэхдээ цагдаа, тагнуулынхан цуглааныг нухчин дарах утгаар очоогүй. Эсэргээрээ цуглааныг үр дүнд хүргэх ямар нэг алдаа завхрал гаруулахгүй байх зорилготой байсан гэж ярьдаг. Тухайн үед цагдаа тагнуулын бүтцэд ажиллаж байсан ахмадууд “удирдлагад зөв мэдээлэл, ойлголт өгөх тэр ажлыг бид хийж байсан юм. Мэдээлэлд ойр байсны хувьд ямар нэг алдааг тухайн үеийн бие бүрэлдэхүүн гаргаагүй” гэж хэлж, ярих юм билээ. Тэр үнэн биз.Тухайн үеийн улс төрийн “далд гар”-ын хурууны хээг Ц.Намсрай (МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга), Д.Жамсранжав (НАХЯ-ны сайд) бас бус хүмүүс байсан гэж ярих нь бий. Гэхдээ энэ бол баталгаатай баримт, нотолгоотой зүйл биш. Энэ бол одоо хөндөхөөс илүүтэй ирээдүйд үлдээх санаа юм.


Ардчилсан холбооны анхны цуглаанаас хойш болсон үйл явдал ард түмний нүдэн дээр өрнөсөн, оролцсон, гардан зохион байгуулсан хүмүүс нь нэр устайгаа байна.  Болж өнгөрсөн үйл явдлыг нэхэн  харвал алдаанаасаа суралцах олон санамж, дурсамж үлдээжээ. Олон сайн зүйлийг өнгөрсөн хугацаанд хийжээ. Түүнтэй зэрэгцээд саарал бүдэг зүйл бас байна. Хамгийн наад захын зохимжгүй зүйл нь  (1989-1990 он) төрсөн хүүхдүүд  “би 1990 оны партизан ” гэж ярих юм.  Энэ бол болсон үйл явдлын бодит үнэн, түүний үнэ цэнийг алдагдуулах осолтой буруу жишиг. Одоогоос 30 жилийн өмнө хэн юу хийж байсан талаар ярих нь бидний үүрэг. Харин 30 жилийн дараа хэн юу ярих нь тэднийх  байх нь ойлгомжтой. Ардчилал минийх, чинийх, таных мөнөөсөө мөн. Түүнээс хэн ч цэрвэх хэрэггүй. Ардчиллаар овоглосон энэ 30 жил монголчуудын хамтын бүтээл.


Ардчилсан холбоо гэдэг нэрийг хэн өгөв, ардчиллын төлөө хэн тууштай байв, түүнийг эрх мэдэл албан тушаалд хүрэх хэрэгсэл хэн болгов гэдэг нь 30 жилийн өмнө өрнөсөн  үйл явдлаас тусдаа зүйл ээ. Тэр бүхэн одоо тодорхой  нэр бүхий улс төрчдөд хаяглагдана.

Холбоотой мэдээ