Ж.Батмөнх агсны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-12-10 15:57:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилал, Хүний эрхийн өдрийг тохиолдуулан Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, профессор Ж.Батмөнх агсны хөшөөнд МАН-ын удирдлагууд өнөөдөр цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэв. 


Ёслолд МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар, Улс Төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Технологи, инновацын газрын дарга Д.Лхамсүрэн, Хэвлэл мэдээллийн газрын дарга А.Энхзул, Сан хөмрөгийн газрын дарга Г.Бат-Эрдэнэ, Орон нутгийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагва нарын албаныхан, мөн Ж.Батмөнх агсны гэргий А.Даариймаа болон төрөл төрөгсөд, хамтран зүтгэгчид нь оролцов.



МАН-ын Намын Байгуулалтын газрын дарга Б.Баярбаатар “30 жилийн өмнөх энэ өдөр болсон Ардчиллын төлөөх анхны цуглаанаас хойш монголчууд Ардчилалд алхам тутамдаа суралцаж өдийг хүрчээ. Монгол улс Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэмд шилжих түүхэн мөчид Ж.Батмөнх Төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан. Эгзэгтэй үед тэрээр түүхэн шийдвэр гаргаж Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан нь оготны хамраас цус гаргаагүй бий болсон Ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлдэг. Үүгээрээ Ж.Батмөнх Монголд Ардчилал бүрэн ялахад гавьяа байгуулсан түүхтэй” хэмээн онцолсон. 


Ардчилал, хүний эрхийн өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 10-нд МАН-ын удирдлагууд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. Ж.Батмөнх нь их сургуулийн багшаас хөдөлмөрийн гараагаа эхэлж,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга буюу ерөнхий сайдаар томилогдон ажилласан зүтгэлтэн байв. Тэрээр 1984 он хүртэл Ерөнхий сайдаар, 1984 оноос АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ