Шинэ жилийг архидалтгүй тэмдэглэхийг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-12-10 18:20:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, удахгүй болох Шинэ жилийн баярыг архидалтгүй тэмдэглэхийг уриаллаа.

"Аймгийн хэмжээнд эхний 11 сарын байдлаар 303 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүнээс 58 гэмт хэрэг архидан согтуурсан үед үйлдэгджээ. Эдгээр гэмт хэрэгт 261 хүн холбогдон шалгагдсанаас 72 нь архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн дүн мэдээ байна. Тухайн хугацаанд 458 хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож саатуулагдснаас 100 хүн эрхийн үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж шүүхийн шийдвэрээр 7-30 хоног баривчлагдсан байна. Үлдсэн иргэдийн хувьд Зөрчлийн тухай хуулийн дагуу 400 мянган төгрөгөөр торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилээр хасуулсан. Тийм учраас удахгүй болох Шинэ жилийн баяраа архидалтгүй, гэмт хэрэг, зөрчилгүй тэмдэглэн өнгөрүүлэх үүднээс уриалга гаргаж байгаа" хэмээн Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын олон нийттэй харилцах ахлах байцаагч, цагдаагийн хошууч О.Асылбек хэллээ.

Цагдаагийн газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн салбар зөвлөл дээрх уриалгаа энэ долоо хоногт албан байгууллагуудад хүргүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ