СЗХ-ны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-12-11 15:04:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны орон тооны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэж, дэмжлээ.


Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайханыг тус хорооны даргаар өнгөрсөн сарын 22-нд томилсон. Тиймээс Эдийн засгийн байнгын хорооноос орон тооны гишүүнд Түдэвийн Цэрэнбадралыг нэрийг дэвшүүлжээ.


Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 онд  МУИС-ийн Олон улсын  харилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр  хамгаалжээ. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд СЗХ-ны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд СЗХ-ны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас  “Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байна.


Байнгын хорооны гишүүд санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, ломбардуудыг цэгцлэхэд анхаарахыг нэр дэвшигчид захиж байлаа. Ингээд санал хураахад Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг томилохыг олонх дэмжиж, санал, дүгнэлтээ УИХ-ын чуулганд танилцуулахаар тогтов.

Холбоотой мэдээ