Ж.Болорцэцэг: Үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэх нь залуу багш бидний үүрэг, хариуцлага

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2019-12-16 12:10:51

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Г.Бумцэндийн нэрэмжит Улсын тэргүүний Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Монгол хэлний багш Жаргалсайханы Болорцэцэгтэй цөөн хором хөөрөлдлөө. Тэрээр МУБИС-ийг 2008 онд Монгол-орос хэлний багш мэргэжлээр төгссөн байна. Болорцэцэг багш мэргэжлээрээ тасралтгүй 10 жил ажиллаж байгаа бөгөөд хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалсан байна.   

-Сайн байна уу? Энэ өдрийн мэнд хүргэе?

-Сайн, сайн. Танд ч бас энэ өдрийн мэнд хүргэе.

-Танай ангийн хамт олон Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноо анги хамт олноороо захиалан уншиж байгаад талархал илэрхийлье. Энэ бол үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буй маш том ажил гэж миний хувьд бодож байна?

-Монгол хүний гоёл бол хүмүүн бичиг юм. 21-р зууны соёлтой, боловсролтой, хүүхэд залуусын нэрийн хуудас нь монгол бичиг байна гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Иймд  үндэсний бичиг үсгээ түгээн дэлгэрүүлэхэд идэвх санаачилгатай байх нь өнөө цагийн залуу багш бидний үүрэг хариуцлага юм. Миний даасан 8в ангийнхан маань ангиараа “Хүмүүн бичиг” сониныг энэ жилээс эхлэн захиалан уншиж байна. Бид хүүхдүүдийнхээ сонин унших хэрэгцээг хангах зорилгоор “1 дугаар-1 асуулт” гэсэн буланг ангидаа ажиллуулдаг. Ингээд зөв хариулт илгээсэн сурагчдыг сарын эцэст үнэлж урамшуулж хэвшсэн.

-Хүмүүн бичиг сонин бол босоо монгол бичгээрээ хэвлэгдэн гарч байгаа цорын ганц сонин. Иймээс хүүхдүүд маань энэ сониноо захиалан уншиж, өөрсдийн мэдлэгтээ дусал ч атугаа мэдлэг авч чадаж байвал хамгийн том амжилт юм даа. Монгол хэлний багшийн хувьд таны ажил үйлсээс сонирхож болох уу?

-Монгол хэлнийхээ яруу тансгийг биширч, дээдэлдэг учраас бичлэгийн төрлөөр сурагчдаа болон өөрийгөө хөгжүүлэхэд их анхаарч ажиллаж байгаа. Эсээ, илтгэл, дурсамж, захидал зэрэг төрлөөр сурагчид маань уралдаанд оролцож, улсад дэд байр эзэлсэн бахдам амжилт гаргасан. Багшийн хувьд хамгийн сүүлд “Ослыг тэглэхийн төлөө хамтдаа” илтгэлийн аймгийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн амжилт үзүүллээ. Мөн сургуулийн “Өсвөрийн сурвалжлагч” клубийг удирдан чиглүүлж ажилладаг. Манай клубийн хүүхдүүд “Бидний ертөнц” нэртэй сургуулийн сониныг эрхлэн гаргаж байна.

2019 онд аймгийн хэмжээнд “Ээждээ би хайртай” захидлын уралдааныг амжилттай зохион явуулсан. Бид үүнийгээ цаашид уламжлал болгон зохиохоор төлөвлөөд байгаа. Манай сурвалжлагч хүүхдүүд МҮОНРТ-ийн хүүхдийн нэвтрүүлэгт 7 хоног бүр 2-5 яриа, сурвалжлага бэлтгэн хүргүүлж байгаа. Миний хувьд мөн “Бийрийн бичвэр”-ийн дугуйланг хичээллүүлж байна. Аймгийн нийтийн номын сантай хамтран сурагчдын амралтаар хүүхдүүддээ сургалт зохион байгуулан явуулж байна. Үүний үр дүнд “Үсэг урлалд амилахуй” улсын уралдаанд гутгаар байрт орж байсан бол өнгөрсөн жил дэд байрт шалгарч, амжилтаа урагшлуулсан ахиц гарсан байгаа.

-Цаашдын ажилд тань амжилт хүсье.

-Баярлалаа.

 

 

Холбоотой мэдээ