120 ортой зүрх судасны эмнэлэг барих хуулийн төслийг дэмжлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн
талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Засгийн газрын 2024-2028 оны үйл
ажиллагааны хөтөлбөрийн 2 дугаар зүйлд “Зүрх судасны үндэсний төвийг
төрөлжүүлэн байгуулна” гэж, Хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 3 дугаар зүйлд
“Зүрх, судасны үндэсний төвийг барих” гэж тус тус туссаныг танилцуулгын эхэнд
дурдав. Үүний дагуу Засгийн газраас энэхүү төслийг Европын
сэргээн босголт, хөгжлийн банкны 34.9 сая ам.долларын зээл болон Люксембургийн
Их Гүнт Улсаас олгох 26.3 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хамтарсан
санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. УИХ-ын Эдийн засаг
болон Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодод асуудлыг танилцуулж, зээлийн хэлэлцээрт гарын үсэг
зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг зөвшилцөн дэмжсэнээр энэ оны аравдугаар сарын 29-нд гарын үсэг зураад
байна гэлээ.
Төслийн хүрээнд
120 ортой тусгай зориулалтын зүрх судасны эмнэлгийн барилгыг шинээр барьж,
тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулах юм. Уг төслийг хэрэгжүүлснээр зүрх судасны төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж,
үйлчилгээний хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлж, зүрх судасны өвчлөл, түүнээс
улбаатай нас баралтын тоо буурна хэмээн танилцууллаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын
гишүүн Г.Хосбаяр, С.Эрдэнэболд, Д.Ганбат нар асуулт асууж, байр сууриа
илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь хуулийн төслийг
батлахыг дэмжлээ.
Улаанбаатар