Улиастайн агаар бохирдолгүй хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-12-12 20:13:51

Завхан /МОНЦАМЭ/.Завханы төв Улиастай агаарын бохирдолгүй, хэвийн хэмжээнд байна. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас Улиастай сумын орчимд агаар бохирдуулагч хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/PM10/-ийн агууламжийг өдөр бүр тодорхойлж байна.

Өнөөдрийн байдлаар Улиастай сумын агаарын чанарын MNS4585:2016 стандарттай харьцуулахад хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор/PM10/ хүлцэх агууламжаас хэтэрсэн тохиолдол ажиглагдаагүй зөвшөөрөгдөх хэмжээнд байгаа тухай тус газраас мэдээлэв. Мөн жил бүр аймгийн агаар бохирдуулагч эх үүсвэрийн тооллогыг хийдэг ажээ. 2019 оны тооллогын нэгдсэн дүн гараагүй байна.

Харин 2018 онд аймгийн агаар бохирдуулагч суурин эх үүсвэр нийт 11102 бүртгэгджээ. Аймгийн хэмжээнд энэ онд нийт 112466 м³ мод, 32125.8 тн нүүрс, 2017.8 тн аргал, хөрзөн, боловсруулсан түлш хэрэглэсэн судалгаа байна. Харин хөдөлгөөнт эх үүсвэр 14208 тоологдож үүнээс 80 гаруй хувь нь үзлэг оношилгоонд хамрагджээ. Аймгийн хэмжээнд нийт агаар бохирдуулагч 11 мянган орчим айл өрх 4982.3тн нүүрс, 103176м3 мод, 2017.8 тн боловсруулсан түлш зарцуулсан байна. Завхан аймгийн 24 сумын айл өрхүүд ихэвчлэн мод хэрэглэдэг. 2018 оны тооллогын дүнгээс харахад 2017 оноос модны хэрэглээ 2.1 хувиар буурсан, нүүрсний хэрэглээ 3048.5 тонноор нэмэгдсэн харагдаж байгаа нь айл өрхүүд нүүрсний хэрэглээг нэмэх хандлагатай байна.

Мөн Улиастай, Шилүүстэй суманд өнгөрсөн жил сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Өнөөдрийн байдлаар агаарын бохирдол хэвийн хэмжээнд байгаа ч иргэд аж ахуйн нэгжүүд хэрэглэж буй түлшээ байгаль орчинд ээлтэй боловсруулсан түлшээр хангах, дулаан үйлдвэрлэлийг нэгдсэн болгох, хөдөлгөөнт эх үүсвэрүүдийг тухай бүр нь оношилгоонд бүрэн хамруулах шаардлагатай юм хэмээн аймгийн Ус Цаг Уур орчны шинжилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ