ХУД-ийн нэгдсэн эмнэлэгт 30 ортой хүүхдийн тасаг ашиглалтад орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2019-12-24 17:06:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпусыг өргөтгөж, 30 ортой хүүхдийн тасаг шинээр ашиглалтад орууллаа.

Тус нэгдсэн эмнэлгийн 2 давхрыг өргөтгөн, 504 ам дөрвөлжин талбай бүхий 1 давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж.

Өргөтгөлийн барилгын зураг төсөл, гүйцэтгэлийн ажилд нийт 700 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийслэлийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 30 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, ХУД-ийн ЗДТГ-аас хэвтэн эмчлүүлэх ор, шүүгээ бүхий 50 гаруй сая төгрөгийн тавилга, эд хогшлоор хангасан байна.

Тус нэгдсэн эмнэлэг хүүхдийн 80 ортой бөгөөд томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог халдварын тархалт нэмэгдэж буй энэ үед 30 ортой “Мөрөөдөл” тасаг ашиглалтад орсноор эмнэлгийн хүчин чадал 40 хувиар нэмэгдэж, харьяа дүүргийн 16 хүртэлх насны 60 мянга гаруй хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанар, хүртээмжтэй үзүүлэх боломж бүрдэж байна.

“Гүүд Нэйборс” ОУТББ нь Монгол Улсад 2006 онд албан ёсны төлөөлөгчийн газраа нээж, 2011 оноос нийслэлийн зургаан дүүрэг, Дархан-Уул аймагт урт хугацааны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, нийт 9800 гаруй хүүхэд, тэдний гэр бүлд хүрч ажиллажээ.

Хүүхдийн тасгийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Гүүд Нэйборс” ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жу Сүнхён, Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, тус дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга Д.Бааст болон албаны бусад хүмүүс оролцсон юм.


Холбоотой мэдээ