Эрүүл мэнд, спортын салбарын ажлын хэрэгжилт 73 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-22 14:09:02

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэнд, спортын чиглэлээр туссан зорилтын хэрэгжилт, тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд хууль, эрх зүйн шинэчлэл хийх ажлыг зохион байгуулан Эмнэлгийн тусламжийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Биеийн тамир, спортын тухай хуулийн үзэл баримтлалын төслийг боловсруулжээ.

Эрүүл мэндийн салбарын бүртгэл, мэдээлэл, эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулах технологийн шинэчлэл хийх  зорилтын хүрээнд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих “Цахим эрүүл мэнд” санхүүжилтийн гэрээ хийгдэж, үйл ажиллагаагаа энэ сарын сүүлээр эхлүүлж, туршилтын суурилуулалтыг 2 эмнэлэгт хийхэд бэлэн болжээ.

Эмийн үнийн өсөлт, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор 2016 оноос эмийн худалдааг ерөнхий худалдан авалтын хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг хийж, Худалдан авах ажиллагааны газартай хамтран ажиллаж байна.

2015 оны 9 дүгээр сарын 15-ны байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эрүүл мэнд, спортын салбарын ажлын хэрэгжилт 73 хувьтай байна гэж танилцууллаа.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулна

“Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Хууль зүйн сайдтай хамтран баталж, бодлогын баримт бичгийн төслийг эцэслэн боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод даалгалаа.

Тус бодлого-д Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн алсын хараа, эрхэм зорилго, баримтлах зарчмыг тусган төрөөс баримтлах аливаа бодлогын баримт бичгийн утга санааг илэрхийлэхийн зэрэгцээ “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн XXI зууны үндсэн хурдасгуур гэж үзнэ” гэсэн цогц бодлогын зорилттой уялдуулан тодорхойлжээ. “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого” нь манай улсын гишүүнчлэл бүхий Олон улсын мэдээлэл, харилцаа холбооны чиглэлийн байгууллагуудаас дэвшүүлсэн зорилт, гаргасан зөвлөмжид нийцэж байгаа юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Мэдээллийн аюулгүй байдлын, Өгөгдөл хамгааллын, Өргөн нэвтрүүлгийн, Цахим засгийн холбогдолтой хуулиудыг шинээр боловсруулж, батлуулах, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай зэрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд