Агаарын тээврийн даац 40 гаруй хувиар нэмэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-02 14:07:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн үндэсний агаарын тээврийн “Туркиш эйрлайнс” компани шинэ оны эхний өдрөөс Улаанбаатар-Истанбул хотын хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ.  

Мөн ОХУ-ын “Аэрофлот” компани Улаанбаатар-Москвагийн чиглэлд том онгоцоор нисэх болоод байна. Дотоодод “МИАТ” ТӨХК болон “Изинис эйрвэйз” болон “Хүннү эйр” зэрэг агаарын тээврийн хувийн компаниуд олон улсын нислэгийн 2-3 чиглэл шинээр нэмсэн зэрэг нь агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоог нэмэгдүүлэхэд эергээр нөлөөлнө гэж ЗТХЯ болон БОАЖЯ-наас үзэж байна.

Манай улсад ирж буй жуулчдын тоог нэмэгдүүлэхэд агаарын тээврийн гарцыг олон болгох шаардлагатай байдаг. Энэ байдал энэ онд өөрчлөгдөж байна. Мөн энэ онд Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал ашиглалтад орно. Энэ бүх байдал нь манай улсын агаарын тээврийн даац 40 гаруй хувиар нэмэгдэж, агаарын тээврээр зорчих жуулчдын урсгал нэмэгдэх боломж нөхцөлийг бүрдүүлж буйг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан онцолж байна.

“Туркиш эйрлайнс” компанийн шууд нислэгийн тухайд энэ талаар тус компанийн ерөнхий захирал Билал Экши, манай улсын Элчин сайд Р.Болд нар өнгөрсөн оны 11 дүгээр сарын 7-нд уулзаж хамтын ажиллагааны цаашдын төлвийн талаар санал солилцон 2020 оны 3 дугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байсан юм. Тэгвэл уг шууд нислэг 2020 оны нэгдүгээр сараас ийнхүү эхэлж байна. 

"Туркиш эйрлайнс"-аас гадна Монголын “Изинис эйрвэйз” компани Турк руу нислэг үйлдэх эрх аваад байгаа юм. "Туркиш эйрланс" шууд нислэгтэй болсон, мөн манай улсын агаарын тээврийн 2 компани Турк руу нислэг үйлддэг болсноор зорчигчдын нислэгийн хугацаа багасаж, зорчих тав тухтай байдал сайжрахын зэрэгцээ харилцан зорчих жуулчдын тоо илүү нэмэгдэх боломжтой болж байна.

Б.Болд

Холбоотой мэдээ