Цэвэрлэх байгууламж шинээр барих ажил дөрөвдүгээр сараас эхэлнэ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-01-07 15:11:05
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны 8,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дундговь аймагт байгуулах цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил ирэх дөрөвдүгээр сараас эхлэхээр гэрээ байгуулжээ.

Хоногт 3000 куб.метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай биологи цэвэрлэгээний байгууламж барих энэхүү ажлын гүйцэтгэгчээр “Сайн констракшн” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Сан” ХХК тус тус шалгарсан байна.

Азийн хөгжлийн банк /АХБ/-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн нэмэлт санхүүжилтийн төсөл”-ийн хүрээнд Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Сүхбаатар аймгийн төвд бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барих үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа ба Дундговь аймагт цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэгч компаниуд ийнхүү тодорхой болжээ.

Мандалговь хотын төвийн одоогийн цэвэрлэх байгууламж нь суурьшлын бүсэд хамаардаг учраас шинээр барих байгууламж нь одоогийн байгууламжаас урагшаа 2,1 км-т барихаар зураг төсвийг нь хийсэн байна. 

Холбоотой мэдээ