Зам тээврийн осол, зөрчил нийт гэмт хэргийн 21 хувийг эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-09-22 15:40:26

Сүүлийн 2-3 жилд Дундговь аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол, зөрчил эрс өссөн бөгөөд үүний шалтгаан нөхцөлийн талаар аймгийн Прокурорын газар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өглөө. 

Прокурорын газрын мэдээлснээр бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болон замын эвдрэл хэмхрэл, явган зорчигчийн буруутай үйлдэл, жолоочийн дүрэм зөрчсөн үйлдэл, согтуугаар мал амьтныг маллагаагүй орхисны улмаас үзэгдэлт хангалтгүй үед зам дээр гарч ирэх явдал зам тээврийн осол, зөрчилд голлох шалтгаан болжээ. 
Өнгөрсөн оны 9 дүгээр сарын байдлаар тус аймгийн  нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 19 орчим хувь зам тээврийн осол, зөрчил байсан бол энэ оны 9 дүгээр сарын байдлаар нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 21 хувь нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил эзэлж, өнгөрсөн оныхоос өссөн  байна. 
2015 он гарсаар өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг хэрэг зөрчлийн улмаас 40 гаруй хүн хүнд, хөнгөн бэртэж, 11 хүний амь нас хохирчээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 20 гаруй хүний жолоодох эрхийг хасч, 45 хүнд захиргааны арга хэмжээ авчээ. 

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд