Малын тоо, толгойн 30 жилийн өсөлт

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-01-10 15:56:02

Улсын мал тооллогын урьдчилсан дүн гарчээ. Үндсэн хуульд “мал төрийн хамгаалалтад байна” гэсэн заалт бий. Төрийн хамгаалалтад мал, төрийн бодлогын цөмд малчин байх нь ойлгомжтой байна.  Ийм учраас малчны тоон үзүүлэлтүүдийг эхний ээлжинд авч үзнэ.


Малчин өрх, малтай өрх гээд хоорондоо жаахан ялгаатай юм байна. Малчин өрх гэдэг бол дөрвөн цагийн эргэлтэд малаа маллаж, ашиг шимээр нь амьдардаг өрхийг хэлдэг аж. Монгол улсад 2019 онд 285 мянган малчин өрх тоологджээ. Тэтгэврийн нас (эмэгтэй 50), (эрэгтэй 54)-нд хүрээгүй  малчдыг нийгмийн хамгаалал талаас нь авч үзвэл 27.4 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлдөг. НДШ төлдөг малчдыг авч үзвэл 35-54 насныхан байна. Малчдын 40 хувь нь зээлтэй аж. Банк (малчны)-ны зээлтэй малчдыг насны ангиллаар авч үзвэл, 33 хувийг 35-44 насныхан эзэлжээ. Мөн  25-30 (22 хувь), 45-54 (25 хувь)  насныхан  байх жишээтэй.


Монгол улсын хэмжээнд 2019 онд 70 сая 949 мянга 900 толгой мал тоолуулжээ. Манайхан малаа жил бүр тоолдог онцлогтой. Тэр үүднээс авч үзвэл мал тооллогын арвин туршлагатай. Алдаж тоолохгүй гэсэн үг. Түүнээс гадна малын тоо толгой өнгөрсөн онд (2019)  таван төрөл дээрээ өссөн байна. Тодруулбал ямаа 7.8 хувь (2.1 сая), хонь 5.6 хувь (1.7 сая), үхэр 8.5 хувь (370.8 мянга), адуу 8.5 хувь (273.7 мянга), тэмээ 2.8 хувь (12.7 мянга)-аар тус тус өссөн аж.   Архангай 6 сая 166 мянга, Хөвсгөл 6 сая 37 мянга 300, Өвөрхангай 5 сая 625 мянга, Төв 4 сая 978 мянга 700, Хэнтий 4 сая 867 мянга 600 тоо толгой мал тоолуулж, хамгийн олон малтай аймгаар тодорчээ. Тэгвэл 2018 онд улсын хэмжээнд 66 сая 459 мянга 211 толгой мал тоолуулж байсан аж. Түүнтэй харьцуулбал, мал 2019 онд дөрвөн сая 500 мянгаар өслөө.


Сүүлийн 30 жил (1989-2019)-ийн малын тоо, толгойн өсөлтийг, түүний өмнөх 30 жил (1959-1989)-тэй харьцуулан авч үзвэл өвөрмөц дүр төрх гарч ирнэ. Тэгээд ч 1959 он гэдэг нь ардын аж ахуйтны малыг нийгэмчилж нэгдэл байгуулж дууссан үе. Үүнийг түүхэнд нэгдэлжих (мал нийгэмчилсэн) хөдөлгөөн ялсан гэж тэмдэглэсэн байдаг. Статистикийн үндэсний хороо (СҮХ)-ны мэдээллийн санд 1970 оноос өмнөх мал тооллогын дүнгийн мэдээлэл байхгүй байна. Манай улс 1970 онд 22 сая 574 мянга 72 мал тоолуулж байжээ. Ийм болохоор 1959 онд түүнээс цөөн малтай байсан байх магадлалтай. 1970-1989 оны хооронд хамгийн олон буюу  24 сая 764 мянга 64 толгой мал 1982 тоолуулж байсан байна. Харин  нэгдлийн малыг хувьчлахын өмнөх 1989 онд 24 сая 674 мянга 92 толгой мал тоолуулжээ. Тухайн үед малын тоо, толгойг бүрэн мэдээлдэггүй байсан гэнэ. Малыг жил бүр тоолдог жинхэнэ тоо мэдээг нийтэд зарладаггүй. Тодруулж хэлбэл, тухайн жилийн мал тооллогын дүнг  таван саяар дарж мэдээлдэг байсан юм байна. Тодруулбал 1989 онд нийтэд мэдээлсэн малын тооноос амьд малын тоо  таван саяар илүү байсан байх жишээний. Нийтэд зарладаггүй дээрх тооны малыг улс нөөцөлж байсан аж. Хэрэв цаг хүндэрч мал хорогдсон нөхцөлд нөхөх, зайлшгүй, хэрэгцээ гарахад түүнийг эргэлтэд оруулдаг байх жишээтэй. Албан ёсны 1989 оны малын тоо (24 сая 674 мянга 92) байна. Түүн  дээр нь  “нөөц”-ийн таван сая малыг оруулж тооцвол 29 сая болно. Төрийн өмч байсан энэ 30 жил (1959-1989)-д малын тоо төдийлөн өсөөгүй байна.


Монгол улсын 1989 оны мал тооллогын дүн (24 сая 674 мянга 92) байна. Түүнийг 2019 оныхтой харьцуулахад Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Хэнтий аймгуудын тоолуулсан малын тооноос бага байх жишээтэй. Эдгээр аймгууд өнгөрсөн онд нийлээд 26 сая 664 мянга 600 толгой мал тоолуулсан мэдээлэл гарлаа. Тэгэхээр мал хувьчилсан сүүлийн 30 жил (1989-2019)- д манай улсын малын тоо, толгой дор хаяж 40  гаруй саяар өссөн юм байна.


Мал төрийн мэдэлд байхдаа "төмөр сүрэг" болон өсдөггүй. Хувь хүний гар дээр байхдаа өсдөг, үрждэг эзэндээ ашиг шимээ өгдөг "буянт мал" болдог юм байна. Үүнийг сүүлийн 60 жил (1959-2019)-д мал аж ахуйн эргэн тойронд босон (нийгэмчилсэн, хувьчилсан) олон үйл явдал, мал тооллогын мэдээ, тоо баримтаас харж болно. Амины мал, амь бөх (өсдөг)-тэй гэж  үнэн  юм байна. 

Холбоотой мэдээ