Валютын манипуляц хийгч улсуудын жагсаалтаас Хятадыг хасжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2020-01-14 09:25:57

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын эрх баригчид валютын манипуляц хийгч улсуудын жагсаалтаас БНХАУ-ыг хасах шийдвэр гаргажээ. Энэ тухай тус улсын Сангийн яамны макро эдийн засаг болон худалдааны түнш улсуудын валютын бодлогын талаарх хагас жилийн тайланд дурдсан байна.


Энэхүү шийдвэрийг Вашингтон, Бээжингийн хооронд худалдааны эхний үе шатны гэрээ байгуулахын өмнөхөн гаргаж буй юм.


АНУ-ын Сангийн яамны шинжээчдийн үзэж байгаагаар, БНХАУ “валютын ханш байнга сул байхаас зайлсхийх” арга хэмжээ авах ёстой. Одоогийн байдлаар ам.доллар дунджаар сүүлийн 20 жилийн дундаж ханшнаас 8 хувиар их байгаа бөгөөд энэ нь хоёр улсын харилцаанд “худалдааны тэнцвэргүй байдлыг” нэмэгдүүлж байна гэж Сангийн яам мэдэгдсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын эдийн засгийн бат бөх суурь болон явуулж буй бүтцийн бодлого нь юанийн ханш чангарахад нөлөөлсөөр байна гэж үзэж байгаа аж.


АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний хүрээнд мөн гадаад тэнцэл, валютын ханшийн талаарх мэдээллийг нийтлэхээр тохиролцсон гэж Америкийн Сангийн яам мэдэгджээ.


Үүнээс гадна, Америкийн эрх баригчид Тайвань болон Тайланд улсад анхааруулга өгсөн байна. Сангийн яамны мэдээллээр, эдгээр орныг валютын манипуляц хийгч улсуудын жагсаалтад оруулж магадгүй байна.


АНУ-ын Сангийн яам 2019 оны наймдугаар сард БНХАУ-ыг валютын манипуляц хийгч орнуудын тоонд оруулсан бөгөөд “валютын ил тод бодлого явуулахыг” Бээжингээс шаардсан юм. Вашингтоны энэхүү шийдвэр нь үндэслэлгүй бөгөөд дэлхийн эдийн засгийг болон санхүүгийн тогтолцоог сэргээхэд сөргөөр нөлөөлнө гэж БНХАУ-ын Төв банк тухайн үед мэдэгдэж байв.


Хятад улстай байгуулах худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тохиролцоонд нэгдүгээр сарын 15-нд Цагаан ордонд гарын үсэг зурна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2019 оны 12 дугаар сарын 31-нд мэдэгдсэн билээ.


Холбоотой мэдээ