Залилангийн гэмт хэрэг 3,7 хувиар өсжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2019 онд залилах гэмт хэрэг 28 бүртгэгдэж, нийт гэмт хэргийн 4.5 хувийг эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг урьд оны мөн үетэй харьцуулахад 1 нэгжээр буюу 3,7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тухайлбал, зээл хаах, гэрээ, баримтгүйгээр мөнгө зээлэх, виз гаргаж өгөх, сургуулийн диплом гаргаж өгөх нэрийдлээр залилан хийж, иргэдэд эдийн засгийн хохирол учруулдаг ажээ. Энэ төрлийн гэмт хэрэг улсын хэмжээнд өсөлттэй байгаа тул Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар хамтран “Ятгах тусам нягтал” аяныг орон даяар үе шаттай хэрэгжүүлж байна. Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас тус аяныг 1 дүгээр сарын 6-наас эхлүүлсэн бөгөөд иргэд, олон нийтэд санхүүгийн залилан, луйвраас сэрэмжлүүлэх яриа таниулга, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байгаа аж.
Иргэдийн эрх зүйн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зөв сонгох талаар мэдлэг, ойлголтыг өгснөөр залилангийн гэмт хэргийг бууруулах, улмаар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалахад аяны зорилго оршиж байна.