Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн 44 жилийн ой болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-01-15 18:50:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв байгуулагдаад 44 жил болж байна. 

1976 онд нээсэн тус төв өдгөө ОХУ-ын Ази Номхон далайн бүс нутаг дахь соёл мэдээллийн хамгийн том төвийн нэг юм. Тус төвийн чухал зорилтын нэг нь Монголын иргэдэд орчин үеийн Орос орон, түүх, соёл, зан заншил, уламжлал, хүмүүсийн тухай мэдээлэл түгээн хүргэхэд  оршиж байна. ОШУСТ-ийг түшиглэн орос хэлний дамжаа, номын сан, Ерөнхийлөгчийн цахим номын сангууд ажиллаж, төрөл бүрийн танилцуулга, кино үзүүлбэр зэрэг олон үйл ажиллагаа явуулж байна. 

Мөн ОШУСТ ОХУ-ын төсвийн хөрөнгөөр гадаадын иргэдийг Оросын их, дээд сургуульд суралцуулах сонгон шалгаруулалтыг явуулдаг нэгдсэн операторын үүргийг хэрэгжүүлж байна.


Монгол, Орос хоёр улс найрсаг харилцааны олон жилийн түүхээр холбогддог. Монголын иргэд Орос орон, түүх соёл, хүмүүнлэгийн харилцааны хөгжлийг ямагт сонирхож ирснийг Улаанбаатар дахь ОШУСТ-ийн олон талт үйл ажиллагаа гэрчилнэ. Оросын шинжлэх ухаан, соёлын төв Монголд ажиллах хугацаандаа орос хэлтэй хүн бүрийн хуран цуглардаг соёл, уулзалтын талбар болсоор ирсэн хэмээн тус төвийн мэдээнд дурджээ.

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүн хэсэг болон ажиллаж байна.

Холбоотой мэдээ