Лаостай хөдөө аж ахуйн салбарт шинээр хамтран ажиллахыг уриаллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-17 11:17:36
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Лаос Ард Улсын Үндэсний ассамблейн (парламент) ерөнхийлөгч, хатагтай Пани Яатхотоутай өчигдөр уулзав.


Уулзалтын үеэр хоёр орны уламжлалт найрсаг харилцааг худалдаа, эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх нь чухал болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглэлээ. Тэрбээр уламжлалт хөдөө аж ахуйн салбараа өргөжүүлж, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломж байгааг онцлов. Тухайлбал, Монголын ноос, ноолуур, мах, махан бүтээгдэхүүнийг Лаост гаргаж, Монголд Лаосын тариаланчид цагаан будаа, газар тариалан хамтран эрхлэх боломжтой гэлээ.


Хатагтай Пани Яатхотоу Монголоос амьд хонь авч нутагшуулан, амжилттай үржүүлж байгааг дурдаад УИХ-ын даргын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, Засгийн газартаа энэ асуудлыг танилцуулна гэв.

Холбоотой мэдээ