“Nestlé” компани веган зайдас үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2020-01-20 14:10:13
Yesukheitumur Tumurbaatar

БЕРН. /CNN/. Швейцарын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Nestlé” компани ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний зах зээлд байр сууриа бэхжүүлэхийн тулд веган зайдсыг мах орлуулагч бүтээгдэхүүнүүдийнхээ эгнээнд нэмжээ.


Ирэх гуравдугаар сараас Европын 11 оронд “Garden Gourmet” брэндийн шар буурцагтай, чоризо ​​маягийн зайдсыг  худалдаалж эхэлнэ гэж тус компани мэдэгдэв. Харин АНУ-д дөрөвдүгээр сараас “Sweet Earth” брэндийн вандуйтай веган зайдсаа худалдаалж эхлэх аж. Өнгөрсөн онд “Nestlé” компани ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний салбарт томоохон алхам хийж “Awesome Burgers”, “Garden Gourmet”, “Sweet Earth” зэрэг брэндийг нэвтрүүлсэн юм.


Уур амьсгалын өөрчлөлт, бохирдол, хог хаягдлын асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг Засгийн газрууд болон хэрэглэгчид томоохон компаниудаас шаардах болжээ. Уг шаардлага нь "Nestlé" компанийг ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хүргэсэн байна.


“Шар буурцгийн зайдсын үйлдвэрлэлийг үхрийн махан зайдсын үйлдвэрлэлтэй харьцуулахад нүүрс хүчлийн хийн ялгаруулалт 90 хувиар бага бөгөөд усны хэрэглээ 90 хувь, газар ашиглалт 80 хувиар бага байдаг” гэж тус компанийн мэдээлэлд дурдсан байна. Үүнээс гадна веган зайдасны сав баглаа боодлыг 100 хувь дахин боловсруулах боломжтой байдлаар бүтээжээ.

Холбоотой мэдээ