Сурагчид ухаалаг бугуйвчтай боллоо

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-01-20 13:40:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы санаачилгаар хэрэгжүүлж буй “Сургуулийн автобус” төслийг өргөжүүлж, ЕБС-ийн сурагчид байршил тогтоогч бүхий гарын бугуйвчтай боллоо.

Хүүхдийг аюулгүй зорчуулах зорилгоор UB school аппликэйшн боловсруулж, байршил тогтоогч GPS суурилуулсан бугуйвчийг Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа ЕБС-ийн удирдлагуудад өнөөдөр гардуулав.

Тэрбээр хэлэхдээ, “Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл хөтөлбөрт “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлнэ гэж тусгасан. Одоогоор нийслэлийн хэмжээнд 30 чиглэлд 40 автобус явуулж таван мянган сурагчид үйлчилж байна. Төслийн үр дүнд Улаанбаатар  хотын түгжрэлийг бууруулах, мөн хамгийн чухал нь хүүхдийн аюулгүй зорчих асуудлыг шийдэж байгаа юм. Энэхүү төслийг сайжруулах ажлын хүрээнд хүүхдийн автобусанд суусан, буусан, мөн автобус хаана явж байгаа зэргийг эцэг эхчүүдэд мэдээлэх ухаалаг бугуйвчийг сурагчдад хүргүүлж байна” гэлээ.

Ухаалаг бугуйвч нь хүүхдийн байршил тогтоогоод зогсохгүй, автобус хэдэн минутын дараа хаана зогсох талаарх мэдээллийг эцэг эхчүүд гар утаснаасаа авах боломжтой юм. Харин энэхүү бугуйвчийг хаяж гээгдүүлэхгүй байх, эвдэлж гэмтээхгүй байх зэрэгт эцэг эхчүүд сургуулийн удирдлага анхаарал хандуулж ажиллах аж. Мөн ухаалаг бугуйвчийн хэрэглээний зааврыг олон нийтэд хүргэж ажиллах үүргийг Нийслэлийн Мэдээлэл, технологийн газар хариуцаж байна.


Холбоотой мэдээ