Японы эзэн хааны төрсөн өдрийг тэмдэглэв

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-01-22 11:47:45
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын цог жавхлант эзэн хааны мэндэлсэн өдөр, Монгол Улсад Япон улсаас суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки үүрэгт ажлаа хүлээн авсныг тохиолдуулан Япон Улсын Элчин сайдын яам Шангри-Ла зочид буудлын их танхимд хүндэтгэлийн ёслол зохион байгуулав. 


Өчигдөр болсон уг ёслолд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дарга, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар оролцож үг хэлсэн. Мөн шинээр томилогдсон Элчин сайд Х.Кобаяши мэндчилгээ дэвшүүлэв. 



УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, манай улс ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн цаг үеэс эхлэн нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт Япон Улсын Засгийн газар, ард түмэн тасралтгүй дэмжиж ирсэнд Монголын төр засаг талархаж байдгийг онцлов. Тэрбээр, "УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсад айлчилснаар хоёр орны парламент хоорондын харилцааг улам бэхжүүлэхээр тохирилцон ажиллаж байна. Мөн Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коно есөн жилийн дараа Монголд айлчилснаар, хоёр улсын Стратегийн түншлэлийг бататгаж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал үр дүн гарч буйг тэмдэглэхэд таатай байна" хэмээв. Түүнчлэн Олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Монгол-Япон сургалтын эмнэлэг зэрэг хоёр улсын томоохон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэлээ.



Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ажиллах гэж буйгаа тодотгоод, хоёр орны найрамдалт хамтын ажиллагааг дэмждэг, хүрэлцэн ирсэн зочдод талархал илэрхийлэв. Тэрбээр, “Монгол Улсад анх 1985 онд ажиллаж байхдаа хоёр орны харилцаа өнөөдрийнх шиг дээд түвшинд хөгжинө гэж төсөөлөөгүй. Монголд 1989 онд ардчилсан хувьсгал өрнөсний дараа Монгол-Японы харилцаа тасралтгүй хөгжсөн. Энэ хугацаанд хоёр орны ард түмэн зовлон бэрхшээл, баяр баяслаа хуваалцсаар ирсэн. Элчин сайдынхаа хувьд, эзэн хааныхаа мэндэлсэн өдрөөр энэ харилцааг тасралтгүй үргэлжлүүлэх үндэс суурийг тавьж байгаад баяртай байна. Цаашид ч энэ харилцааг хөгжүүлэхийн төлөө хичээж ажиллана. Та бүхнийг дэмжиж, хамтран ажиллахыг хүсэж байна. Токиогийн 2020 оны олимпод оролцох Монгол Улсын баг тамирчид шинэ нисэх онгоцны буудлаасаа хөөрч, ганзага дүүрэн эх орондоо ирэхийн ерөөл дэвшүүлье” хэмээв. 


Ташрамд дурдахад, Япон Улсын цог жавхлант Эзэн хаан Нарүхитог ноднин 10 дугаар сарын 22-нд хаан сэнтийд заларсныг тунхагласан. Өмнөх эзэн хаан Акихитог 1989 онд хаан ширээнд заларснаас хойш япончууд эзэн хааныхаа төрсөн өдрөөр бүх нийтээр амрах болсон аж. Энэ удаа Рейва он толлын шинэ эзэн хаан Нарүхитогийн хаан ширээнд заларсны анхны төрсөн өдөр гэдгээрээ онцлог юм. 


Элчин сайд Кобаяши Хироюки, өнгөрсөн 12 дугаар сарын 25-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Элчин сайдаар ажиллах итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан. Тэрээр Монгол дахь Элчин сайдын яам болон Токио дахь Гадаад хэргийн яаманд 10 орчим жил ажиллаж, хоёр орны харилцааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулсан, туршлагатай нэгэн юм. 

Холбоотой мэдээ