Шодай, Токушорюү нар 8 даваатай Хацү башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-01-20 17:40:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын буюу Хацү башёгийн 9 дэх өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо Магэашира Шодайд унаснаар тэргүүн эгнээнээс ухарч Шодай, Токушорюү нар 8 даваатай башёг тэргүүлж байна.


Харин энэ өдөр Магэаширагийн 17-гоос барилдаж буй Токушорюү өрсөлдөгчөө давснаар энэ башёд 50 хувийн амжилтаа үзүүлсэн анхны бөх болсон төдийгүй башёг тэргүүлэгч 2 бөхийн нэг болов. Өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил, Точиношинд унаж 2 даваа, 7 унаатай байгаа бол Кирибаяама Б.Лхагвасүрэн Котошёогикүг давж 5 даваа, 4 унаатай болов.


Азүмарюү С.Тодбилэг, Саданоүмид унаснаар 5 даваа, 4 унаатай болж тэдний унаа, даваа тэнцлээ. Хамгийн жижиг биетэй Энхо ням гарагт Сэкиваке Эндог барьц өгөлгүй сандаргаж байгаад ёрикири мэхээр давсан бол өнөөдөр Озэки Гойэдог гавшгай барилдаанаараа унагаж дэмжигч олныхоо бахархлыг төрүүлж энэ башёд 5 даваа, 4 унаатай явж байна.


Энэ өдрийн барилдаанд Митакэүми, Окиноүмиг давснаар тэд адилхан 5 даваа 4 унаатай болов. Сэкиваке Асанояама, Дайэшог давснаар 6 даваа, 3 унаатай байна. Энэ өдрийн хамгийн оргил барилдаан, нэг унаатай явсан тэргүүлэгч бөхчүүдийн учраа байсан бөгөөд энэ тулаанд Шодай, Озэки Такакейшог  хаяснаар Шодай 8 даваа, нэг унаатай тэргүүлэгчдийн эгнээнд үлдлээ.


Харин Хокүтофүжи, Миёогирюүг давж 6 даваатай болоод байна. Комүсүби Аби, Дайэшотой хүч үзэж, давснаар 6 даваа,  3 унаатай байгаа бол Дайэшо 6 унаатай болов. Комүсүби Такаясү, энэ өдөр Такарафүжитэй хүч үзэн унаснаар 3 даваа, 6 унаатай болоод байна.

Холбоотой мэдээ