Аймгуудын өрсөлдөх чадвар жил бүр сайжирч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-01-22 16:42:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймгуудын нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадвар сайжирч, жилээс жилд өсөх хандлагатай байна. 

Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми өнөөдөр аймгуудын тайланг танилцуулах үеэр мэдэгдлээ. Тэрээр, "Бид аймгуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон тухайн аймаг, орон нутгийн бизнес, эдийн засгийн үр ашиг, дэд бүтцийн хөгжил гэсэн үндсэн 4 бүлгийн статистик мэдээлэл дээр тулгуурлан, дээр нь санал асуулгыг нийлүүлэн 176 үзүүлэлтээр нэгтгэн гаргадаг" гэв. 


Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байж үүгээр бусад аймгийг харьцуулдаг байна. Энэ удаагийн тайлангаар Орхон аймаг тэргүүлсэн хэвээр байна. Удаалаад Өмнөговь, Дорноговь, Дархан-Уул аймаг багтжээ. Сүүлийн байруудад Говь-Алтай, Архангай, Булган аймгууд оржээ. Судалгааны үндсэн 4 бүлэг болох:

  • эдийн засгийн тамир тэнхээний үзүүлэлтээр Өмнөговь аймаг,
  • засаглалын үр ашгаар Сүхбаатар, 
  • бизнесийн үр ашгаар Дархан-Уул,
  • дэд бүтцээр Орхон аймгууд тус тус тэргүүлжээ. 

Энэ удаагийн судалгаа 8 дахь жилд болж байна. Судалгааг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга хөтөлбөр болон Азийн сан дэмжин хамтран ажиллажээ. 

Монгол Улсын 21 аймгийн найм нь 2019 онд өрсөлдөх чадвараа сайжруулсан байна. Өрсөлдөх чадварын 2019 оны ерөнхий үнэлгээг аймаг бүрээр танилцуулвал:

  • Орхон- 100
  • Өмнөговь- 97.85
  • Дорноговь- 94.53
  • Дархан-Уул- 94.02
  • Дорнод- 87.14
  • Говьсүмбэр- 80.81
  • Сүхбаатар- 73.07
  • Өвөрхангай- 71.84
  • Увс- 71.65
  • Сэлэнгэ- 71.42
  • Хэнтий- 70.53
  • Төв- 67.71
  • Баян-Өлгий- 60.12
  • Ховд- 59.76
  • Хөвсгөл- 57.24
  • Завхан- 54.63
  • Баянхонгор- 48.24
  • Дундговь- 46.59
  • Говь-Алтай- 46.18
  • Архангай- 39.11
  • Булган- 37.35

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ